top banner

Монгол найруулагчийн бүтээл “Русское Зарубежье” Олон улсын наадамд оролцож байна


2017-11-14 10:05:40
Зураг
Москва /МОНЦАМЭ/.Москва хотноо энэ сарын 7-нд "Русское Зарубежье” Олон улсын XI дэх удаагийн кино наадам нээлтээ хийлээ. Жил бүр уламжлал болсон уг наадамд улс төр, эдийн засаг болон бусад шалтгааны улмаас гадны улсад цагаачилсан орос хүмүүсийн тухай уран сайхны болон баримтат киногоор оролцдог аж.
Долоо хоног үргэлжлэх энэ жилийн наадам 1917 оны “Октябрийн хувьсгалын 100 жил” сэдвийн хүрээнд болж буй наадамд Австрали, Аргентин, Герман, ОХУ, АНУ, Украин, Франц зэрэг 15 орны найруулагчийн 40 гаруй бүтээл оролцов. Харин тусгай үзвэрээр 9 орны кино найруулагчийн 19 бүтээл оролцож байгаагийн дотор анх удаа Монгол найруулагчийн бүтээл багтжээ.
Тодруулбал энэ жилийн “Русское зарубежье” Олон улсын XI дэх кино наадмын гурав дахь өдөр кино найруулагч Б.Баярын 2011 оны бүтээл Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернбергийн тухай “Зөвхөн намайг үхсэний дараа” баримтат кино тусгай үзвэрээр оролцож, үзэгчдийн хүртээл боллоо. Нэг цаг гаруй үргэлжлэх энэхүү кинонд генерал Барон Унгернын 1920-1921 онд Азийн морин девизийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан Их Хүрээ хотыг эзлэн авч, VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд залан Монголын тусгаар тогтнолыг сэргээж буй тухай өгүүлжээ.
Тус наадмын ерөнхий зохион байгуулагч, ОХУ-ын нэрт кино найруулагч Сергей Зайцев "Русское Зарубежье" олон улсын кино наадмыг 2007 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн. Харин монгол хүний бүтээл энэ жил анх удаа оролцож байна. Яг үнэндээ би монгол найруулагчийн Барон Унгерний тухай баримтат кино гарсан тухай сонсоод ажилтнууддаа тэр найруулагчийг олох үүрэг өгсөн юм. Гэтэл тэр хүн нь миний эртний найз Б.Баяр найруулагч болж таарсан. Барон Унгернийг оросууд  дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон баатар, Оросын иргэний дайнд Атаман Семеновын удирдлаган дор байлдаж явсан цагаантан гэдгээр нь мэддэг. Харин энэхүү бүтээлээр түүнийг Монгол Улсын тусгаар тогтнолд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийг үзэгчид харлаа” хэмээн онцлов.
 Барон Унгерний тухай “Зөвхөн намайг үхсэний дараа” баримтат кино үзэгчдэд их таалагдсан нь үзвэрийн дараах нижгэнэсэн алга ташилтаас харагдаж байлаа.
 “Энэ кино Оросын түүхийн тухай миний ойлголтыг үндсээр нь өөрчиллөө. Тэр үед иймэрхүү мэдээлэл их хаалттай байлаа шүү дээ. Нутгаасаа явсан орос хүмүүс гадны улсад сайн сайханыг авчирч байжээ. Энэ тухай үзэж сонсож түүхээ мэдэж авах нь бидний хувьд маш чухал юм” хэмээн нэгэн үзэгч сэтгэгдлээ хуваалцсан юм.
 Кино найруулагч Б.Баяр “Энэхүү киног бид нэг сарын хугацаанд хийсэн. Зураг авалт Герман, Швейцарь, Финланд, Польш, ОХУ-ын хотуудад болж, Эрхүү мужийн театрын жүжигчид кинонд маань дүр бүтээсэн. Барон Унгерний дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин  Степан Догадин тоглосон юм. Өнөөдөр оросын үзэгчид киног маань их сайхнаар хүлээж авлаа. Зургаан жилийн өмнөх бүтээл маань одоог хэр нь хүмүүст хүрсээр байгаад баяртай байна” хэмээв. 
Найруулагч Б.Баярыг монголчууд “Би монгол хүн”, “Усчин”, “Өв тээсэн нүүдэл” зэрэг олон улсын кино наадмын шилдэг бүтээлүүдийг найруулснаас гадна “АХА”, “Тата Тунга” зэрэг хөгжөөнт нэврүүлгийн санаачлагч гэдгээр нь сайн мэднэ. Харин одоо тэрбээр Говийн тэмээчний амьдарлыг харуулсан ээлжит бүтээл дээрээ ажиллаж байгаа юм байна.
Л.Нандиа
 
  
 

Монгол брэнд