top banner

Шинэ технологи малчдад хамтрагч, аврагч нь болох нь


2017-11-12 19:21:11
Зураг
Монгол орон  эрс тэс уур амьсгалтай, түүнийгээ дагаад хүйтэн халууны хэлбэлзэл өндөртэй орны тоонд ордог гэж цаг уурчид тэмдэглэсэн байх юм. Халуун хүйтэний туйл  нь өвөл зун, зундаа 40 хэмээс дээш халж байхад, өвөлдөө 50 хэм хүрч хүйтэрч цас их ордог. Цас орох, хүйтрэх үзэгдэл олон хоногоор үргэлжилэн бэлчээрийн мал,амьтан зутарч туран олноор үхэж хорогдох нөхцөл бүрдсэн үеийг зуд гэж хэлнэ.” гэж тодорхойлсон байна 

Зун ган болвол, өвөл нь зуд болох жил байдаг.  Бороо. ногоотой ердийн зуншлагатай байсанч өвөл нь зуд болох тохиолдол бий. Өвөл говийн бүсэд 5-6см , тал хээрийн бүсэд 8-10см , хангайн бүсэд 12-15-ээс их цас орж, өвс ургамал цасанд дарагдвал монголчууд цагаан зуд болж байна гэж хэлдэг. Ийм цагаан зуд  олон хоног сараар үргэлжилдэг өөрийн  онцлогтой. Зуншлага сайханч  өвөл, хавар нь цасгүй мал усгүйдэх, өвс хуурай учраас мал их цангах,  ус билчээрт хүрэхдээ улдах, хэт олон мал  нэг худаг сахин  бөөгнөрснээс олноор хорогдох нөхцөл бүрдэхийг  харын зуд гэж нэрлэнэ. Ер нь намрын сүүл өвлийн саруудад говийн бүсэд 3 хоног, тал хээрийн бүсэд 5 хоног , хангайн бүсэд 7 хоногоос дээш өдөр шөнөгүй хүчтэй салхи шуурч мал амьтад олноор хорогдохыг  шуурган зуд гэдэг юм. Зуд өөр өөрийн онцлог шинж тэмдэгтэй.

Тэгэхээр их  хүйтэн, цас хоёр нь  зудын тухай ойлголт болон хувирч байна.Энэ хоёр дээр монголчуудын мянга мянган жилээр адгуулан маллаж, амин зуулгаа хийж ирсэн малын үхэл хорогдол нэмэгдээд ирэхээр нийгмийн гамшигт үзэгдэл болдог байна. Зудын улмаас малчид амьжиргааныхаа гол эх үүсвэр малгүй болсоноор өрхийн орлого огцом буурч амьдрал нь доройтдог.

Мал аж ахуйн мэргэжилтнүүд сүүлийн 50 гаруй жилийн малын хорогдлын динамикийг судлаад оны эхэнд байсан малын 2,9%-иас бага хэсэг хорогдвол “өнтэй жил” 3,2% нь хорогдвол “хэвийн жил”, 6,9% нь хорогдвол “тааламжгүй жил” гэж бүлэглэсэн байна.
Тэр бүлэглэл дээрээ үндсэлэн манай оронд “Өнтэй жил” тохиолдох магадлал 13 хувь “Хэвийн жил” тохиолдох магадлал 20,4хувь   байна, Түүнээс бусад жил нь “Тааламжгүй байна ”   гэж  дүгнэжээ.

Монгол орны нутаг дэвсгэрт сүүлийн 60 гаруй жилийн 65%-д нь их бага хэмжээтэй зуд тохиолдож байжээ Тохиолдсон зудтай жил бүр  дунджаар 1,3 сая толгой мал хорогдсон статистик мэдээлэл байна. Харин дундаж 1,3 сая толгой малаас олон мал хорогдсон онцгой зудтай жилүүд байжээ. Тухайлбал 1944-1945 онд 8.3 сая, 1950 онд 3.5 сая, 1967-1968 онд 2.9 сая, 1976-1977 онд 2.1 сая, 1999-2002 онд 11.2 сая, 2009-2010 онд 9,7 сая, 2015-2016 онд 1.02 сая, нийт 38.7 сая толгой мал хорогджээ.  Монгол Улсад 2016 оны жилийн эцэст тоологдсон  малын тоотой    зудад үхсэн малыг харьцуулж үзэхэд  63 хувьтай тэнцсэн тооцоог судлан гаргасан байна. Энэ бол өнгөрсөн 2016 оноос өмнө болсон үйл явдалд мэтгэжилтэн, мэргэжлийн байгууллагуудын гаргасан тоо баримт. Энэ бол бидний мэдэж байх ёстой зүйл, авах ёстой сургамж болов уу.    

Энэ зун  хур бороо оройтож орсон, цас эрт орлоо. ХХААХҮ-ийн сайдын  багц, аймгуудын Засаг дарга нарын нөөц хөрөнгөн дээр мал аж ахуйн өвлийн бэлтгэл хангах, экспортоор өвс тэжээл оруулах ажил шат шатандаа хийгдэж байгаа юм билээ. Малчид ч гэсэн зудыг давах талаар өөр өөрийн бодолтой яваа биз. Тэгээд ч манай орон зуд болох эрэсдэл өндөртэй орон болохоор энэ талаар олон зүйлийг нуршихаа түр хойш нь тавина.  Харин малчны хотонд очсон гар утас, интернед хэрхэн өргөжиж байгаа тухай сайн мэдээг та бүхэнд  хүргэх нь зөв  гэж үзлээ.  

Олон улсын “Мерси Кор” байгууллагаас малчдад цаг агаарын  мэдээллийг шуурхай хүргэх гар утасны мессэжний үйлчилгээг 15 аймгийн 128 суманд нэвтрүүлж амжилттай туршжээ. Түүн дээр түшиглэн 21 аймгийн 1,550 багийн 160,600 малчин өрхөд  цаг агаарын мэдээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, үүрэн утасны дөрвөн оператор компани хамтран ажиллажээ.

Ингэснээр малчид цаг агаарын болон аюултай, гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай авах бүрэн боломжтой болох юм байна.. Цаашдаа ийм байдлаар  бэлчээрийн даац, ургацын болон малын халдварт өвчний талаарх мэдээллийг  намаржаа, өвөлжөө, хаваржаа оторлож  байгаа бус нутагтаа  байршилаар авах боломжтой болох аж. Энэ талаар ОБЕГ-т ажиллахдаа Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэлсэн байна.

Тэрбээр цааш нь  2017-2018 оны өвөлжилтийг даван туулах бэлтгэл хангахын тулд Монгол Улсын Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд 13,4 тэрбум төгрөг, аймгуудын Засаг дарга нарын нөөц хөрөнгийг 2018 оны төсөвт 3,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр  төсвийн төсөлд тусгасан гэж мэдэгдсэн байх юм. Мэдээллийг шуурхай авна гэдэг малчин хүнд цаг хожих маш том боломж байдаг. Энэ үүднээс авч үзвэл малчны хотонд хүрсэн техник, технолгийн шинэчлэл хүрээгээ тэлж байна. Мэдээллийг дагаад зудад боогдсон малчинд олон талын үйлчилгээ очих нь тодорхой биз. Иймд шинэ шинэ  технологийн  ололт, амжилт  хуучин нутагтаа байгаа монголын малчинд нөхөр нь, туслагч нь , бас аврагч нь  болох нь. 
                                                                                                                                                                           Г.Эрдэнэбат

Монгол брэнд