top banner

Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцав


2017-11-11 14:56:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд,  цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан нэгдсэн мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Шадар сайдад танилцуулав.

Онцгой байдлын байгууллага нь 2017 оны эхний 10 сарын байдлаар 903 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 18,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9.6 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхлоо.

Түүнчлэн Хүнсний нөөцийн салбар, Улсын нөөцийн “Объект-03” салбар, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Монгол брэнд