top banner

Онцгой байдлын байгууллагын залгамж чанарыг бэхжүүлнэ


2017-11-10 18:21:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын албанд ажиллаж байсан ахмадуудын мэдлэг чадварыг өнөөгийн залуус болон ирээдүйн аврагчдад өвлүүлэх зорилго бүхий "Онцгой байдлын байгууллагын гурван үеийн уулзалт" өнөөдөр боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уулзалт энэ онд “Онцгой байдлын байгууллагын залгамж чанарыг бэхжүүлье” уриан дор болсон юм. Чуулга уулзалтын нээлтэд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны төвийн дарга, хошууч генерал П.Даш болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмадын хорооны дарга, удирдлага, дунд болон залуу үеийн 150 гаруй аврагч оролцлоо.

Чуулга уулзалтад Шадар сайд Ө.Энхтүвшин илгээлт ирүүлсэн байна. Тэрбээр, “Онцгой байдлын байгууллага нь байгуулагдсан цагаасаа эхлэн гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, авран хамгаалах үүргээ нэр хүндтэй биелүүлж ирсэн. Монгол бол ахмад буурлууд нь хойч үедээ сургаал захиасаа айлдаж, арвин их баялаг туршлагаа өвлүүлэн үлдээдэг, залуус нь ахмад үеэ хайрлан хүндэтгэж, гавъяаг нь нэр төртэй үргэлжлүүлж байдаг эргэх цагийн хэлхээ холбоо, эрт эдүгээгийн залгамж халаатай ард түмэн билээ. Төрийн үйл хэргийг энэ цаг үед түшиж байгаа та бүхэн албаныхаа залгамж чанар, түүхэн уламжлалаа хадгалан 3 үеийн чуулга уулзалтыг зохион байгуулж, ахмад буурлуудынхаа ухаан төгс сургаалийг сонсож, ажил амьдралдаа хэрэгжүүлэхээр зорьж байгаад талархаж байна” гэжээ.
 
Мөн үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,  “Онцгой байдлын байгууллагын салбар нэгж, техник, тоног төхөөрөмж,  хүний нөөцийн чадвар чадавхи жилээс жилд өргөжин хөгжиж байна. Тэр хэмжээгээр улс, орон ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй байгууллага болсон залуу халуун нас, билиг оюун, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад үе, тэдний үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж, эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюун, ур чадвараа дайчлан ажиллаж буй дунд үе, ажиллах хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу үеийн нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн үр шим юм” хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд