top banner

Улсын хэмжээнд 66.6 сая мал өвөлжинө


2017-11-10 17:35:42
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны  хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд 82.1 хувьтай хангасан дүн гарчээ. Тодруулбал Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 80.0-86.0 хувьтай, бусад аймгууд 80.0-аас доош хувьтай байгаа аж.

Хадлан тэжээлийн бэлтгэлийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 23.0 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 88.5 хувийн биелэлттэй гарсан байна.
 
 Б.Заяа

Монгол брэнд