top banner

“Транзит Монгол 2018” арга хэмжээг ОХУ-д зохион байгуулах санал тавив


2017-11-10 17:23:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар "Улаанбаатар төмөр зам"-ын иж бүрэн техникийн шинэчлэлийн асуудал, ОХУ-ын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцлөөр авах 100 тэрбум рублийн зээлийн зарцуулалт болон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан Овоот Эрдэнэтийн төмөр зам, Борзя-Соловьевск-Эрээнцав- Чойбалсан –Хөөт- Бичигт- Шилийн голын төмөр зам,  Улаан хад-Чаюян-Жинжөү чиглэлийн төмөр замын асуудлаар санал солилцлоо.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Элчин сайд ноён И.К.Азизовт санаачилга гарган зам тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа төслийн талаар санал солилцож ОХУ-ын зам тээврийн бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд, "Таны хичээл зүтгэл Монгол улсын эдийн засаг, тэр тусмаа зам тээврийн салбарт ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаад баяртай байна" хэмээв. Уулзалтаар талууд тус салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар нээлттэй ярилцаж, төслүүдийг урагшлуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.   
 
Энэ үеэр хоёр тал “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор”, “Төмөр замын төв коридор”-ын хүрээнд байгуулах төслүүдийг хугацаа алдалгүй шийдээд явах нь зөв гэдэгт санал нэгдлээ.  Зам тээврийн хөгжлийн сайдын зүгээс “Транзит Монгол 2018” арга хэмжээг ирэх онд ОХУ-д зохион байгуулах саналыг тавьж, 12 сард Москва хотноо зохион байгуулагдах “Тээврийн 7 хоног арга” хэмжээнд оролцоход Элчин сайд ноён И.К.Азизовыг дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ч.Ариунболд

Монгол брэнд