top banner

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Энэтхэгийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзлаа


2017-11-10 17:16:42
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Гадаад хэргийн яамны дэд бүтцийн бодлого хариуцсан зөвлөх Панкаж Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийллээ. Тэрээр өндөр, дээд түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлууд хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд БНЭУ-ын Засгийн газрын зээлийг үр дүнтэй ашиглаж, нефьт боловсруулах үйлдвэр байгуулахад онцгой анхаарна гэлээ. Энэхүү төсөл нь хоёр орны эдийн засгийн харилцааны чухал гүүр болно. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь манай улсад стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар онцолж байлаа.

ЗГХЭГ-ын дарга хүлээн авч уулзаж буйд БНЭУ-ын Гадаад хэргийн яамны дэд бүтцийн бодлого хариуцсан зөвлөх Панкаж Кумар талархал илэрхийллээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ боловсруулж байгаа. Мөн Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл хэрэгжинэ. Эдгээр төслийн хэрэгжилтэд ЗГХЭГ-ын дарга анхаарч, холбогдох яам, агентлагуудад чиглэл өгч, төслийн явцыг эрчимжүүлнэ гэдэгт  итгэлтэй байгаагаа илэрхийлээд төсөл, хөтөлбөрт судалгаа хийх техникийн баг Монголд уулзалт, сургалтууд зохион байгуулж хамтран ажиллаж байна. Хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Панкаж Кумар илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  


Монгол брэнд