top banner

Чанарын асуудал зөвхөн үйлдвэрлэгчдэд хамаатай гэсэн ойлголтоос салах хэрэгтэй гэв


2017-11-10 16:52:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аливаа бүтээгдэхүүний чанарын асуудлыг хөндөхөд зөвхөн үйлдвэрлэгчдэд хамаатай мэт нийтлэг ойлголтоос салах хэрэгтэй хэмээн “Үндэсний чанарын чуулган-2017”-ы төлөөлөгчид онцолсон юм. Чанарын ойлголт нь тогтолцооны асуудал төдийгүй хэрэглэгчийн мэдлэг мэдээллийг сайжруулах замаар талуудын оролцоог хангах нь  чухал гэдэгт  тэд төвлөрч байна.

Жил бүрийн Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Стандарт хэмжил зүйн газар, МҮХАҮТ-тай хамтран “Үндэсний чанарын чуулган”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн чуулган  “Өдөр бүр манлайллыг дэмжье” гэсэн уриаг дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийхээ олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд тухайн байгууллага боловсон хүчин,  техник технологи, санхүүгийн хүчин чадлаа цогцоор нь чадавхижуулж байж сая амжилтад хүрнэ гэсэн санааг илэрхийлжээ. Улмаар бүтээгдэхүүн хэр чанартай байх вэ гэдэг нь зөвхөн үйлдвэрлэгчээс шалтгаалахгүй  төрийн зохицуулалт үүнд зайлшгүй шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд тодотгосон юм.

Стандарт хэмжил зүйн газрын Стандарт Тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Өнөржаргал ярихдаа, “Дэлхийн худалдааны байгууллагад Монгол Улс 1997 онд элссэн. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулаагүй тохиолдолд дотооддоо худалдааг чөлөөтэй эрхлэх боломжийг олгох ёстой гэдгийг Дэлхийн худалдааны байгууллага тунхагладаг. Чанарыг илтгэх гол үзүүлэлт бол стандартын баримт бичиг юм.  Өөрөөр хэлбэл  аюулгүй байдлыг илтгэх энэ үзүүлэлтийг аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр хэрэглэгч мэдлэг, мэдээлэл сайтай байснаар чанартай бүтээгдэхүүнийг зөв сонгох боломжтой. Судалгаанд суурилсан стандарт буюу бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулж буй техникийн даалгаварыг  хэн нэгэн хуулийн этгээд дахин зохицуулалт хийх тохиолдолд  заавал Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэхийг уриалдаг. 

Түүнчлэн чанарын дэд бүтцэд оролцож байгаа тохирлын үнэлгээ болон стандартын байгууллагууд, хувийн хэвшлүүд хэрэглэгчид хамтарч байж чанарын асуудалд  үр дүн гаргана. Тодруулбал худалдааг хөнгөвчлөх асуудал бидний үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Монгол Улс өнөөдөр  6100 гаруй стандартыг мөрдөж байна. Энэ бүх стандарт чанарыг чухалчилдаг.  Худалдааны үйлчилгээ үзүүлж буй дэлгүүрээр жишээ татья л даа. Дэлгүүрийн эзэн тухайн бүтээгдэхүүнийг авахдаа эл бүтээгдэхүүн  ямар стандартыг хангаж байна вэ гэдгийг нотлох баримт бичгийг эхлээд үзэх ёстой.  Манай улсад хэрэгжиж буй нийт стандартын 34 хувь нь олон улсын жишиг рүү дөхсөн. Үүнийг зарим хүмүүс чамлалттай гэх байх. Гэхдээ олон улсын стандартыг бариад хэрэгжүүлэх субъект манайд бий юу гэдгийг бодох ёстой. Сорилтын лаборатори болон олон улсын өндөр шаардлагад хүрсэн үр дүн гаргах чадавхи, хүний нөөц, технологи байна уу гэдгээс  асуудал ундарна. 

Монгол Улс алхам алхамаар олон улсын стандарт руу дөхөж байна. Улсын хэмжээнд 110 байгууллага чанарын менежментийн  тогтолцооны ISO-9001 стандартыг нэвтрүүлсэн. Энэ нь  тухайн байгууллага дэлхий жишиг рүү дөхөж буйн илрэл юм. Нөгөөтэйгүүр тухайн аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх давуу тал, итгэлцэл бий болж байна гэсэн үг” гэв. Мөн тус чуулганаар  төлөөлөгчид Монгол Улс  ямар төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах вэ гэдгийг тодорхойлох ёстой. Ингэхийн тулд нөөцийн хуваарилалт хийх нь чухал. Нөөцийн хуваарилалтад экспортыг тэргүүлэх салбарыг тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн,  чацаргана, зөгийн бал,  арьс ширээр хийсэн бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд боловсон хүчин,  технологийн чадавхийг бэхжүүлэх замаар  чанарыг дэлхийн  түвшинд хүргэх хэрэгтэй гэдэгт саналаа нэгтгэсэн юм.

Энэ тухай Стандартчилал хэмжилзүйн газрын дэд дарга Б.Билгүүн хэлэхдээ,




“2016 онд Засгийн газраас Үндэсний чанарын хөтөлбөрийг баталсан.  Хөтөлбөрт экспортыг дэмжих импортыг орлох бүтээгдэхүүн бий болгохыг тусгасан. Экспортыг тэлэхийн тулд  стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой.  Өөрөөр хэлбэл ISO -9001 буюу олон улсын стандартыг аль болох өргөн нэвтрүүлснээр худалдааны саад тотгорыг багасгана. Олон улсын түвшинд  хэрэглэж буй ISO-9001 стандарт нь үндэсний хэмжээний үйлдвэрүүд дэлхийн хэмжээний үйлдвэрлэл явуулах эрмэлзэлтэй  гэдгийг илэрхийлдэг. Тиймээс Монгол Улс  Европын холбоотой  худалдааны саад тотгорыг арилгахад хамтран ажиллаж байна” хэмээн тодотгосон.

Чуулганаар “ISO Mongolia” ХХК Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо олон улсын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж буй талаараа танилцуулга хийсэн юм.



 “ISO Mongolia” компанийн зөвлөх Н.Цэцгээ, “Өнгөрсөн жил ISO олон улсын стандартын байгууллагаас дээрх  стандартыг гаргасан. Манай компани тухайн стандартыг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэн Стандарт хэмжилзүйн газартай хамтран тухайн олон улсын стандартыг нутагшуулахаар ажиллаж байна.  Тэгэхээр эл стандартыг авлигаас ангид байх бүх байгууллага  хэрэгжүүлэх боломжтой.  Сонирхогч талаа таньж судлах аргачлалыг энэ стандартад суулгаж өгсөн.  Тухайн байгууллага авлигаас ангид байгаа шүү гэдгээ харилцагчиддаа  мэдээлэх, хамтарч ажиллаж буй байгууллагуудаа судлахаас эхлээд маш олон аргачилалыг эл стандартад багтааснаараа онцлогтой” гэв.

Ийнхүү “Үндэсний чанарын чуулган-2017”-аар мэргэжилтнүүд чанарын асуудлыг олон талаас нь хэлэлцэж үнэлэлт өгсөн юм. Мөн үеэр Европын Сэргээн босголт, хөгжлийн банк болон  итгэмжлэл, баталгаажуулалт, тохирлын үнэлгээний компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах үзэсгэлэн гаргав.
Б.Заяа
 Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд