top banner

У.Хүрэлсүх: Иргэдийнхээ амьжиргааг сайжруулж байж нийслэл утаанаас сална


2017-11-10 16:09:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэлж, Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсов. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад хандан нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар асуулга хүргүүлсний дагуу мэдээлэл хийж байгаа юм. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат дээрх сэдвээр танилцуулга хийлээ. Дараа нь УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Эхний ээлжид хотын А зэрэглэлийн бүсэд яндан хориглох ёстой. Улаанбаатарын утаа хувь хүний эрх ашгаас хэтэрсэн. Харин эрчим хүчний хэрэглээг нь хөнгөвчлөх төрийн зохицуулалт хийвэл оновчтой болно. Хоёрт, Улаанбаатараас нүүж байгаа хүмүүст төрөөс дэмжлэг үзүүл. Нийслэлд амьдарч байгаа хүмүүс татвар төлөх хэрэгтэй" гэсэн юм. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулахдаа "Утаа олон нийтийн санааг зовоосон том асуудал болсон. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Хамгийн том хүндрэл нь иргэдийн амьжиргааны түвшин доогуур байна. А болон Б бүсэд байгаа хүмүүст яндан хориглож болохгүй юм билээ. Бид судалж үзсэн. Хатуу хууль гаргавал сөрөг үр дагавар, эсрэг үйлдэл гарах магадлалтай. Барьсан барилгуудыг харин эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж байна. Гэр хорооллыг барилгажуулах, цахилгаанжуулах, хийн түлш хэрэглэх нь хамгийн боломжтой арга. Цахилгаан шугам сүлжээг нэмэх, өргөтгөх зэрэгт зориулсан хөрөнгө Төсвийн тодотголд туссан" гэлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Янданг хурааж авах, цөөлөхийг хоёр гараа өргөн дэмжинэ. Гэхдээ Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар санаачилга гаргах хэрэгтэй. Хот гаргаж болохгүй. Цочмог шийдвэр гаргаж байж үр дүнд хүрнэ. "Алтан гурвалжин" томъёолол гаргаад Дархан, Эрдэнэтэд төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлэхээр судалж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Баригдсан ч оршин суугч нь ороогүй 30 мянган орон сууц байгаа. Гэтэл өмнө нь ипотекийн зээл авсан 100 мянган иргэн банкны түрээсийн хөтөлбөрт л орчихсон явж байна. Зээлийн хүү төлөөд үндсэн зээл нь төлөгддөггүй. Тиймээс ипотекийн зээлийн асуудлыг цогцоор нь харж үзэж, энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр 30 мянган орон сууцаар хангавал гал унтраасан хэрэг болно" гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "190 мянган өрх галлагаатай өрхөд амьдарч байна. Амьжиргааг дээшлүүлэх ёстой. Гэр хорооллыг барилгажуулж, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай. Улаанбаатарт байгаа бүх түүхий нүүрсний хэрэглээг хориглож чадахгүй, тийм боломж ч байхгүй. Харин бууруулахын төлөө ажиллах хэрэгтэй" гэлээ. 

Энэ мэтчилэн асуулт хариултаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 
Н.Гантуяа

Монгол брэнд