top banner

Утааг 100 хувь бууруулах боломжтой цахилгаан зуух танилцуулав


2017-11-10 14:10:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Утааг 100 хувь бууруулах боломжтой “Монгол голомт эко” цахилгаан зуухыг өнөөдөр төв талбайд зохион бүтээгчид нь танилцуулав.

Монгол гэрийн онцлогт тохирсон тулга хэлбэртэй зохион бүтээсэн энэхүү зуухыг шөнийн цагаар  хоёр цаг цэнэглэхэд бүрэн цэнэгээ хурааж авах юм. Уг цэнэгээрээ өдрийн зургаан цагийн хугацаанд дулаан ялгаруулах хүчин чадалтай. Ингэснээр хэрэглэгч шөнийн цагт нэмэлт эрчим хүч ашиглах шаардлага үүсэхгүй юм. Мөн агаар хуурайшуулж шатаахгүй, чийгшүүлэгчтэй, хүүхэд шууд түлэгдэхээс сэргийлсэн бүслүүртэй, ухаалаг удирдлагын системтэй, цагийн тохиргоотой, тасалгааны температур мэдрэгчтэйгээс гадна 100 хувь утаа ялгаруулахгүй онцлог давуу талтай. Тус цахилгаан зуух 3.6 кВт буюу гурван кВт 600 ват эрчим хүч зарцуулдаг. Энэ нь нэг удаагийн индукцийн зуух эсвэл индүү ашигласантай адил эрчим хүч зарцуулж буй хэрэг юм. 
Зохион бүтээгч З.Ариунболд, “Агаарын бохирдол, утааг багасгах зорилгоор одоохондоо зөвхөн туршилтын зуухаа бүтээгээд байна. Удахгүй үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодолтой байгаа. Зуух үйлдвэрлэж эхэлснээр ажлын байр бий болно, улсад татвар төлнө, өөрийн гэсэн бүтээлтэй болно” гэв.
 
Т.Төмөр

Монгол брэнд