top banner

Жолооны үнэмлэхийг БНХАУ-д хуурамчаар хэвлэжээ


2017-11-10 13:46:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Захирлын зөвлөл өнөөдөр хуралдаж, Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар хэвлэсэн зөрчлийн талаар хэлэлцэв.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг нь 2010 оноос “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох” журмын дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар  нийт 49 мянга 79 мэргэшсэн жолооч бүртгээд байгаа аж. Өнгөрсөн зургадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, хуурамчаар хэвлэсэн үнэмлэхийг хураажээ. АТҮТ-өөс уг асуудалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд тус үнэмлэхийг БНХАУ-д хэвлэсэн болохыг илрүүлэн шалгаж байгаа аж.

Хуралдааны үеэр АТҮТ-ын захирал П.Дэлгэрнаран “Мэргэшсэн жолооны үнэмлэхийг хууль бусаар үйлдвэрлэж, тараасан зөрчилтэй хатуу тэмцэх ёстой. Цаашид Замын цагдаагийн албатай хамтран автотээврийн өдөр тутмын хяналтыг шат шатандаа чангатгана” гэлээ. Мөн тээврийн хэрэгслийн дугаар олгох болон бусад үйл ажиллагаанд хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчил гарахаас сэргийлэх үүргийг холбогдох албаны дарга нарт өглөө.
Ч.Ариунболд

Монгол брэнд