top banner

Дарьганга татлагын уралдаанд 20 гаруй уран бүтээлч оролцож байна


2017-11-10 13:18:43
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Морин хуурын дарьганга татлагыг олон нийтэд сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилго бүхий Дарьганга татлагын улсын анхдугаар уралдаан эхэллээ. Уралдаанд морин хуур сонирхогч, мэргэжлийн сургууль коллежийн сурагч, оюутнууд гээд 20 гаруй уран бүтээлч оролцож байна.

Уралдаан “Морин хуурын Дарьганга уламжлал” хэлэлцүүлгээр эхэлсэн юм. “Сүүлийн үед хүүхэд залуучууд морин хуурыг их сонирхож хичээллэх болсон. Морин хуурын олон татлага байдаг ч тэд дарьганга татлагыг бараг мэддэггүй. Энэ татлагыг тоглодог цөөхөн хүн энэ нутагт байна. Бид эдгээр хүмүүсээс энэ их өв соёлыг авч үлдэх ёстой. Тиймээс энэ уралдаан үнэхээр цаг үеэ олсон гэж би онцолмоор байна. Би Хөгжим бүжгийн коллежид багшилдаг. Эндээс очоод хичээлийнхээ хөтөлбөрт тусгаад дарьганга татлагын талаар тусгай хичээл заана. Ингэснээр хүүхдүүдийн дунд тархаж, олонд хүргэх болно. Энэ тэмцээнд хүрэлцэн ирснээрээ би дарьганга татлагын талаар маш олон мэдээлэл олж авч байна. Үнэхээр баяртай байна” хэмээн Монгол Улсын ардын жүжигчин Ч.Батсайхан хэлэлцүүлгийн үеэр онцолж ярилаа.

Харин алдарт морин хуурч Ш.Сааралын гарын шавь, дарьгангын зургаан татлагыг өвлөн уламжлагч Л.Цэдэвсүрэн уралдааны талаарх сэтгэгдлээ хэлэхдээ “Миний мөрөөдөл биелж байна. Багш маань амьд ахуйдаа надад энэ зургаан татлагыг чи авч үлдлээ, цаашид яаж хадгалж авч явахаа чи л мэднэ шүү гэж захиж байсан юм. Үүнээс хойш би энэ талаар байнга бодож их санаа зовнидог байлаа. Багшаас минь хойш олон ч жил өнгөрлөө. Миний хувьд аймагтаа морин хуурын дугуйлан, сургалт явуулж энэ зургаан татлагаа хүүхэд залуучуудад зааж өгдөг. Гэхдээ л энэ маань хангалтай биш.  Харин өнөөдөр улсын хэмжээний том уралдаан зохион байгуулагдаж, багшийнхаа алдрыг дуурсгаж, дарьганга татлагад олон нийтийн анхаарлыг хандуулж байгаад үнэхээр их баяртай байна” гэв.
Дарьганга татлагын гол онцлог нь татлага бүр эзэнтэй, өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн, эсвэл сайхан моринд зориулагдсан байдаг аж.

Уралдааныг шүүхээр Сүхбаатар  аймгийн уугуул, МУАЖ морин  хуурч Ч.Батсайхан, МУСТА морин хуурч Д.Шинэцог нар болон бусад мэргэжлийн  хүмүүс хүрэлцэн иржээ.
Т. Одончимэг 

Монгол брэнд