top banner

Ч.Хүрэлбаатар: Шинээр 59 сургууль, 90 цэцэрлэгийг барих буюу өргөтгөнө


2017-11-10 13:09:47
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд Сангийн сайд болон холбогдох ажлын хэсгийнхнээс зарим асуудлыг тодруулж, хариулт тайлбар авсан юм. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Бид төсвийн сахилга батыг чанга мөрдөж байж, төсвийн алдагдлыг бууруулна. Түүний зэрэгцээ 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барих буюу өргөтгөхөөр төсөвт суулгасан. Цаашлаад газар, лиценз олголтын асуудлыг ил тод болгож, түүнээс авах татварыг нэмэгдүүлнэ.

Орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй бол хөдөөд ажилгүйдэл өсч, бизнес зогсонги байдалд орсон байна. Иймээс орон нутаг очих хөрөнгө оруулалтыг нэмнэ. Улаанбаатар цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэж, хотоор нэг үнэр танар үүсдэг байдлыг болиулах зэрэг олон бодлогын чанартай үзүүлэлтүүдийг төсөвт тусгаж өгсөн. Хамгийн гол нь өндөр хүүтэй зээл авахгүй байх, улсынхаа зээлжих зэрэглэлийг өсгөх нь чухал байна" гэсэн тайлбарыг хийж байв.

Үүгээр цайны цаг болсон тул хуралдааныг түр завсарлуулав. Үдээс хойшхи чуулган 15 цагаас эхэлнэ.
Б.Туул

Монгол брэнд