top banner

Олон талт хэлэлцээрийн биелэлтийн тухай ярилцав


2017-11-10 11:12:59
Зураг
МОСКВА. /ТАСС/. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ ерөнхий захирал Юкия Амано нар пүрэв гарагт Нью-Йорк хотод Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт хэлэлцээр болох Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөний биелэлтийн талаар ярилцсан байна гэж ТАСС агентлаг уламжлав.

Никки Хейли МАГАТЭ байгууллагын мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагаанд нарийвчилсан шалгалт хийхэд чиглэсэн тус байгууллагын хүчин чармайлтыг АНУ дэмжиж байгааг илэрхийлэв. Мөн тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн үйл явцыг хянахын тулд тус улсын цөмийн байгууламжуудад нээлттэй, бүрэн нэвтрэх боломжийг Ираны эрх баригчид Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдэд олгох нь чухал болохыг тэмдэглэсэн байна. 

АНУ, Их Британи, Франц, Орос, Хятад зэрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улсууд болон Герман улс Ираныг оролцуулан зөвшилцөж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой уг хэлэлцээрийг 2015 онд байгуулж, 2016 оны 1 дүгээр сард хэрэгжих шатандаа орсон юм. Энэхүү хэлэлцээрийн дагуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, АНУ, Европын Холбооноос Ираны эсрэг тогтоосон хориг арга хэмжээг цуцлаж, хариуд нь Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрөө хязгаарлаж, олон улсын хяналтад оруулах үүрэг хүлээсэн юм.
Э. Аянзаяа

Монгол брэнд