top banner

"Монголын музейчдын түүхээр аялахуй" явуулын үзэсгэлэн Ховд аймагт нээгдлээ


2017-11-10 09:52:48
Зураг
Ховд /МОНЦАМЭ/ Одоогоос гурван жилийн өмнө 2014 онд Монголд музейн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиох үеэр музейчдын түүхэн замналыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байна. Монголын үндэсний музей санаачлан гаргасан "Монголын музейчдын түүхээр аялахуй" нэртэй энэхүү үзэсгэлэнг 21 аймаг, хотын музейгээр аялуулан сонирхуулж байгаа бөгөөд Ховд аймгийн музейд саяхан нээлтээ хийлээ.

Монгол оронд орчин цагийн анхны музей үзмэр, сан хөмрөгөө цуглуулж, 1924 онд албан ёсоор олон нийтэд үйлчилж эхэлжээ. Өдгөө төр хувийн хэвшлийн нийт 56 музей үндэсний, улс, аймгийн статустайгаар ажиллаж жилдээ 600-700 мянган үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг байна.
Харин  Ховд аймгийн Музей нь 1950 онд орон нутаг судлах кабинет нэртэй анх байгууллагдсан бол 1961 онд орон нутаг судлах музей, 1990 онд аймгийн музей болон өргөжин хөгжсөөр иржээ.
Ховд аймгийн музейн дарга Х.Эрдэнэбаатар, манай аймгийн музей одоогоор 3100 орчим үзмэртэй, үзүүллэгийн есөн танхимтай, өв соёлын хүрээлэн буюу гэр музейн салбартай. Цаашид баруун Монголдоо тэргүүлэх чиглэлийн угсаатны музей болгох зорилго тавин ажиллаж байгаа гэв.
“Монголын Музейчдын түүхээр аялахуй” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн долоо хоногийн турш музейн үзэсгэлэнгийн танхимд иргэд, олон нийтийн хүртээл болох юм.
Тус үзэсгэлэнг гадаадын үзэгчид 5000, том хүнд 3000, оюутан залуус 1500 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр үзэж сонирхож байна.
                                                                                                                                                             А.Бямбасүрэн

Монгол брэнд