top banner

Гэмт хэрэг, зөрчилд хүүхэд холбогдохоос сэргийлэхэд хамтарч ажиллах талаар ярилцав


2017-11-10 00:40:37
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос анхдугаар хурлаа хуралдуулж, 2018 онд хийх ажлын чиглэлээ тодорхойлов.
Хуралд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
/ГХУСАЗЗ/-ийн салбар зөвлөлийн дарга А.Ишдорж оролцож, гэмт хэрэг, зөрчилд хүүхэд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах талаар санал солилцлоо.
Хуралд оролцогчдын зүгээс хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчлийн анхдагч шалтгаан нөхцөлийг арилгах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан баг ажиллуулах, сум, аймгийн төвд суралцаж байгаа хараа хяналтгүй хүүхдүүдэд хяналт тавихад эцэг эх, сургууль, байгууллагуудыг татан оролцуулах, тээврийн хэрэгслээр хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүс, малгайгүйгээр хүүхэд тээвэрлэхийг хориглох, насанд хүрээгүй этгээдээс мэдүүлэг авах зориулалтын өрөөг тоноглож байгуулах гэх мэт саналыг хэлж байв. Эдгээр санал санаачилгыг 2018 оноос бодит ажил болгон хэрэгжүүлж, үүнд шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаж өгөхөөр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/511, А/69 тоот тушаалаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам” батлагдсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/237 дугаартай захирамж гарч, “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-г шинэчлэн байгуулсан юм. Тус хороо нь гэмт хэрэгт холбогдон мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчлэх үүрэгтэйгээр ажиллах аж.
Б.Батчимэг

Монгол брэнд