top banner

Л.Мөнхболд: Буугаа дур мэдэн зарж борлуулах, устгах явдал түгээмэл байна


2017-11-10 00:25:24
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд тасрах магадлалтай албан татваруудын нэг бол галт зэвсгийн албан татвар юм. Саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын VII хуралдааны үеэр сумдын Засаг дарга нар галт зэвсгийн албан татвартай холбоотой санал, гомдлыг багагүй тавьж байсан бөгөөд олон шалтгаанаас болж энэ төрлийн татвар төлөвлөсөн хэмжээндээ хүрдэггүй аж. Галт зэвсгийн тооллоготой холбоотой мэдээллийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Мөнхболдоос тодрууллаа.

- Галт зэвсэг тоолох ажлын явц хэр байна вэ?
- “Зэвсэг-2017” нэгдсэн арга хэмжээг ЦЕГ-ын даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/196 тушаалаар улсын хэмжээнд зохион байгуулж байна. Өвөрхангай аймагт галт зэвсэг тоолох, гэрчилгээжүүлэх ажил 10 дугаар сарын 27-оос эхэлсэн, 12 дугаар сарын 05 хүртэл үргэлжилнэ. 11 сарын 07-ны байдлаар 220 галт зэвсэг тоолж, 11 хувьтай явагдаж байна. Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүр цагдаагийн байгууллагад тоолуулах үүрэг хүлээдэг юм.
-Өвөрхангай аймгийн хэмжээнд хичнээн хүн галт зэвсэг эзэмшиж байна, дийлэнх нь ямар төрлийн буу байдаг вэ?
- Өнгөрсөн жилийн тооллогоор 2155 галт зэвсэг бүртгэлтэй байснаас устгал, шилжилт хөдөлгөөн зэргийг хийж, энэ жил 1963 галт зэвсэг тоологдох дүн мэдээтэй байгаа. Галт зэвсгийн дийлэнх нь малчдын гар дээр байдаг. Чоно, хээрийн амьтнаас хамгаалж, ТОЗ-8 буюу иргэдийн хэлж заншсанаар калибр бууг ихэвчлэн ашигладаг. Мөн Карбин, Тигр, Сега гэхчлэн АНУ, ОХУ, Чехэд үйлдвэрлэсэн 22 нэр төрлийн буу иргэд болон байгууллагын эзэмшилд бий.
- Энэ жил галт зэвсгийн албан татвар тасрах, заасан хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай байгаа. Энэ нь юутай холбоотой байна вэ?
-11 сарын 7-ны өдрийн байдлаар 653 бууны татвар төвлөрч, 33,3 хувьтай явж байна. Галт зэвсгийн тооллогын талаар бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Цагдаагийн газрын цахим хуудсаар дамжуулан мэдээлэл, сурталчилгааг багагүй хүргэсэн. Гэвч малчид отор нүүдэл хийж явснаас болоод буугаа авчирч бүртгүүлэх боломж хомс байх шиг байна. Нөгөө талаар Галт зэвсгийн татварыг 10 дахин нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор иргэд энэ асуудалд хойрго хандаж байж болох юм.
-Сумдын Засаг дарга нар бууны татвар хураамжийн төлөвлөгөө “худлаа” гэж нэлээн бухимдалтай хэлж байсан. Сумаасаа аль эрт шилжээд явсан хүний нэр дээрх буунд оногдуулсан татвар суманд татварын дарамт үүсгээд байж байдаг юм байна. Энэ асуудлыг цэгцэлж, шийдвэрлэх боломж байх уу?
-Сүүлийн жилүүдэд галт зэвсгийн тооллого чанар, үр дүн муутай явагдаж ирсэн. Иргэд галт зэвсэг шинээр худалдан авахдаа эсвэл хэн нэгэнд бэлэглэх, ашиглахгүй орхих, өөрсдөө шилжин явах үедээ Цагдаагийн байгууллагад заавал бүртгүүлэх ёстой байдаг. Гэвч энэ талаар мэдлэг мэдээлэл бага байгаагаас болж, буугаа дур мэдэн зарж борлуулах, устгах асуудал түгээмэл байна. Өнгөрсөн жилийн тооллогоор бид хаачсан нь мэдэгдэхгүй байгаа буунуудын араас нэлээн хөөцөлдсөн. Гэвч 180 орчим бууг тооллогонд хамруулж чадаагүй. Энэ жил ч сураггүй болсон буунуудыг эрж хайх ажил үргэлжилж байна. Сумдын татварын байцаагч болон хэсгийн төлөөлөгчдөөс тухайн бууг заавал олж тогтоогоод Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэн данснаас хасах ёстой учраас тухайн суманд бүртгэл нь байж байдаг. Буу бол энд тэнд хамаагүй хаядаг, дур мэдээд данснаас хасуулдаг зүйл биш.
- Буу эзэмшиж байгаа иргэд бууныхаа ашиглалтын талаар хэр мэдлэгтэй байдаг вэ?
- Иргэд галт зэвсэг худалдаж авах эсвэл бэлгэнд авах, эзэмших, ашиглах тохиолдолд “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт”-нд заавал хамрагдаж, гэрчилгээ авсан байх ёстой. Журамд заасны дагуу 150 мянган төгрөгийн төлбөртэй байдаг. Бид сая 11 сарын 4-5 өдрүүдэд эхний сургалтаа зохион байгуулж, 12 иргэнд гэрчилгээ олгосон. Одоо 11 сарын 17, 18-ны өдрүүдэд дахин сургалт зохион байгуулна. Иргэдэд хандаж галт зэвсэг шинээр авсан болон галт зэвсэгтэй болох сонирхолтой бол сургалтанд сууж гэрчилгээ аваарай. Энэ шаардлагыг зайлшгүй тавих болно гэдгийг хэлье.
- Буугаа авчирч тоолуулаагүй иргэдэд ямар хариуцлага тооцох вэ?
- Галт зэвсгээ бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 40 000 хүртэлх төгрөгөөр торгоно.
Б.Батчимэг

Монгол брэнд