top banner

Дээд боловсролтой, ажилгүй залуучууд уулзаж, тулгамдсан асуудлаа ярилцав


2017-11-09 21:20:55
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дээд боловсролтой ажил хайгч залуучуудын уулзалт зөвлөлгөөн зохион байгууллаа.
Өвөрхангай аймагт ажилгүй байгаа 4800 иргэний 1619 нь хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй ажил хайж байгаа бөгөөд үүнээс 939 буюу 57 хувь нь 15-34 насны залуучууд юм. Өдөрлөгт 19 сумаас дээд боловсролтой, ажил хайгч 200 иргэн оролцсон бөгөөд ХХҮГ-аас улсын хэмжээнд нээлттэй байгаа 630 ажлын байрны захиалгыг тэдэнд танилцууллаа.
Мөн залуучуудын зүгээс хөдөлмөрийн зах зээлд гарч буй бэрхшээл, дутагдалтай талуудад санал бодлоо илэрхийлж, “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвийн сургагч багш Д.Сүрэнчимэг “Би хаана явна вэ?” лекцийг, Цогц хөгжлийн үндэсний төвийн судлаач М.Энхбадрал  “Миний ажил, амьдралын гараа” ток шоу зохион байгуулав.
Ажил хайгч залуучуудын зүгээс “Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны захиалгууд нь тогооч, гагнуурчин, Е ангиллын жолооч гэх мэт ихэвчлэн мэргэжилтэй ажилчны ажлын байр байдаг учраас их, дээд сургууль төгсөгчдөд ажил олддоггүй. Бизнес эрхлэе гэхээр хөнгөлттэй зээлийн нөхцөлүүд нь нас заасан, хугацаа богино, батлан даалтын сан нь бодит тусламж болж чаддаггүй, Өвөрхангай аймагт бизнесийн салбарын мэдээлэл, судалгаа, залуучууд ороод зөвлөгөө авах, санал бодлоо солилцох клуб, төв зэрэг байгууллага байдаггүй” зэрэг бэрхшээлийг дурдаж байлаа.
ХХҮГ-ын дарга С.Ундрах хэлэхдээ “Ажил олгогчдоос тавьж байгаа шаардлага нь мэргэжлийн ур чадвар гэхээс илүүтэй ажилд авах хүнийхээ суурь хүмүүжил, харилцаа, хандлага, төлөвшилд анхаардаг болоод байгаа. Тиймээс ажил хайгч залуус мэргэжил, мэдлэгтэй байхаас гадна хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлэх шаардлага гарч байгаа юм” хэмээн онцлов. Мөн “Зарим залуучууд ажил хайх талаар идэвхгүй, итгэлгүй болсон нь харагдаж байна. Төрийн байгууллага нь ах дүү, хамаатан садан, нам улс төрийн шугамаар л ажилд авчихдаг. Тэгэхээр өрхийн бизнестээ туслаад л явж байя гэсэн бодолтой залуучууд их байна. Нөгөө талаар ажил хийх мэдлэг, чадвар дутагдалтай, ямарваа ажлыг багаас нь хийх биш шууд л ширээний ард суух сонирхолтой залуус ч олон байна” гэж байв.
Цаашид залуучуудын идэвхийг сэргээх, ажлын байрны ил тод нээлттэй байдлыг хангах, тухайн ажлын байрны шаардлагыг хангасан, мэдлэг чадвартай залуу хүнийг ажилд оруулах зорилгоор телевийн реалити шоу гэх мэт олон нийтэд ил тод үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа С.Ундрах дарга хэлж байлаа.
Зөвлөлгөөн, хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг орон нутгийн удирдлага, салбарын яаманд хүргүүллээ.
Б.Батчимэг

Монгол брэнд