top banner

Халтиргаа гулгаанаас сэргийлж 30 тонн бодис цацжээ


2017-11-09 19:59:20
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Энэ намар цас орж эхэлснээс хойш Төв аймгийн нутаг дахь орон нутгийн болон улсын чанартай замд халтиргаа, гулгаанаас сэргийлж нийт 30 тонн бодис цацжээ.

Аймгийн хэмжээнд байгаа улсын чанартай болон орон нутгийн замд цас их хэмжээгээр орсноос халтиргаа гулгаа үүсээд байсан юм. Үүнтэй холбогдуулан “Төв АЗЗА” ТӨХК-иас Зуунмод хотын төвийн хатуу хучилттай нийт 18,7 км авто замд 11 тонн бодис цацжээ. Мөн Түргэний гүүрнээс Мандалговь чиглэлийн 147,7 км хатуу хучилттай авто зам болон Өндөр дов-Зуунмод, Зуунмод-Налайх чиглэлийн 28,5 км хатуу хучилттай улсын чанартай авто замд 20 орчим тонн бодис цацсан гэж холбогдох албаныхан мэдээлэв.

"Манай компани 10 сая гаруй төгрөгөөр 30 тн бодисыг "Давст элс" ХХК-иас худалдаж авсан. Өнгөрсөн жил 30 тн бодис нөөцөлж байсан бол энэ жил цас их орж байгаагаас бодис ойр ойрхон цацаж, өвөл дөнгөж эхэлж байхад дуусгачихаад байна. Тиймээс бид 20 тн бодис нөөцөнд нэмж аваад байгаа. Одоогийн байдлаар 20 замчин, дөрвөн инженер техникийн ажилтан дөрвөн үйлчилгээний машинтай Өндөр дов-Зуунмод, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын дагуу цас цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байна" гэж  “Төв АЗЗА” ТӨХК-ийн ерөнхий инженер Г.Болдбаатар хэллээ. 
 
Мөн иргэдийг халтиргаа, гулгаатай үед замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна. 
 
Т.Төмөр

Монгол брэнд