top banner

Хөх нуурын усны хэмжээ хоёр дахин багасчээ


2017-11-09 18:19:59
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Хөх нуурын нуурын усны хэмжээ хоёр дахин багасч, бохирдол ихэссэн нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ.
Монгол орны хамгийн нам дор цэг гэгддэг Хөх нуурын хотгорт Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн “Хүрэн баавгай” судалгааны баг Дорнод аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлын санхүүжилтээр  энэ оны тавдугаар сараас эхлэн судалгаа хийжээ.

Хөх нуур нь Дорнод аймгийн Гурванзагал, Чулуунхороот сумын зааг нутагт 21 ам.км талбай эзлэн оршдог, дунджаар долоон метр гүн, тал нутгийн томоохон давстай нуур юм. Зургаан сар үргэлжилсэн экосистемийн цогц судалгаагаар хэд хэдэн анхаарал татахуйц үр дүн гарсныг судалгааны багийнхан хэлж байна. Хөх нуур нь Тээл нуураар дамжин Улз голоос эх авдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд Тээл нуур ширгэж, үүнийг дагаад Хөх нуурын усны хэмжээ хоёр дахин багасч, эрдэсжилт нь ихэссэн төдийгүй Тээл нуурын усны ураны агууламж болон бусад төрлийн элементүүдийн зөвшөөрөгдөх хэмжээ нь стандартад зааснаас 5.5 дахин их гарсан зэрэг ноцтой асуудал илэрчээ. Мөн Хөх нууранд шаамий хэмээх шавьж сүүлийн жилүүдэд олширч эхэлсэн. Нууранд үүсэх органик бохирдол нэмэгдэх тутам шаамий шавьжийн тоо хэмжээ өсдөг зүй тогтолтой болсныг тогтоосон байна. Гэхдээ энэхүү шаамий шавьжийн хэмжээ одоогоор нэг шоо метрт 0.01-18.2 грамм байгаа нь тийм их хэмжээ биш гэв.
Жилээс жилд багассаар байгаа Хөх нуураа хамгаалан аварч үлдэхийн тулд орчин тойронд нь хог хаяхгүй байх, загасны том хэмжээний тор орхиж амьтдыг хоморголон алж нуурын ёроолд органик бохирдол үүсгэхгүй байхыг эрдэмтэд уриаллаа.  
Д.Дэлгэрмаа

 

Монгол брэнд