top banner

Дөрвөөс доош насны хүүхдийн дунд уушгины хатгалгаа өвчин элбэг байна


2017-11-09 18:05:56
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн ачаалал эрс нэмэгджээ. Энэ нь хүйтэн сэрүүний улирал эхэлсэн, мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. 11 дүгээр сар гарснаас хойш яаралтай тусламжийн төвд нийт 158  дуудлага ирсний 49 нь буюу 30 гаруй хувь томуу өвчний дуудлага эзэлж байна. 

Эдгээр 49 хүүхдийн 43 нь 0-4 насны хүүхдүүд бөгөөд тэд уушгиний хатгалгаа, амьсгалын дээд замын үрэвслээр өвчилжээ.   АНЭ-ийн хүүхдийн тасаг 27 ортой ч одоогоор  тус тасагт 30 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

“Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс нэг хүүхдийн биеийн байдал хүндэрсэн, бусдынх нь хэвийн байна. Тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс гадна өдөрт дунджаар найман хүүхэд энэ өвчнөөр өвчлөн эмнэлэгт хандаж байгаа талаар хүүхдийн тасгийн эрхлэгч, их эмч А.Ууганцэцэг ярилаа.

Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдөр тохиодог. Тиймээс АНЭ-ийн хүүхдийн тасгаас энэ долоо хоногийг “Уушгины хатгалгаатай тэмцэх долоо хоног” болгон зарласан байна. Энэ ажлын хүрээнд аймгийн нийт өрхийн эмч нар болон эцэг эхчүүдэд зориулсан сургалт сурталчилгааг явуулж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа ажээ.
Т.Одончимэг
 
 
 

Монгол брэнд