top banner

Хэрлэн гол дээгүүрх бетонон гүүрийн нэг эгнээг хаав


2017-11-09 16:46:17
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвөөс зүүн урагш арваад км-т байх Хэрлэн гол дээгүүрх бетонон гүүрийг засварлаж шинэчлэх хүртэл нэг эгнээгээр зорчихоор зохицуулав. 
Учир нь Чойбалсан-Сүмбэр-Нөмрөг чиглэлийн АО503 кодтой улсын чанартай автозамын дагуу байрлах уг төмөр бетон гүүрийн эд ангиуд муудаж, дам нуруу цоорч, заадас, явган замын хавтан эвдрээд байгаа юм.
Одоогийн байдлаар гүүрний нэг урсгалыг хааж, шаардлагатай тэмдэг тэмдэглэгээг байрлуулахаар зэхэж байна. Жолооч нар гүүрэн дээгүүр зорчихдоо хурдаа тохируулж, “Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгөх” буюу түрүүлж орсон нь давуу эрхтэй нэвтрэхийг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
1939 онд ашиглалтад орсон энэ гүүрээр Хэрлэн сумын тавдугаар багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21-р талбайн зорчигчид болон улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог. Гүүр ашиглалтад орсон цагаас хойш их засвар хийгээгүй өдийг хүрчээ. Орон нутгийн зүгээс гүүрийг нэн даруй шинэчлэн засварлах шаардлагатай талаар мэдээлэл, судалгааг холбогдох яаманд явуулаад байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд