top banner

Колумбын цагдаа нар нэг удаагийн ажиллагаагаар 12 тн кокаин хураан авчээ


2017-11-09 16:21:58
Зураг
БОГОТА. /АП/. Колумбын цагдаа нар 12 тн кокаин хураан авсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ. Энэ нь тус улсын түүхэнд нэг удаагийн ажиллагааны явцад хамгийн их кокаин хураан авсан тохиолдол болж байна.

360 сая ам.долларын үнэд хүрэх 12 тн мансууруулах бодисыг АНУ руу кокаин хууль бусаар хил давуулдаг маршрутуудын ойролцоо буюу Колумбын хойд нутаг дахь гадил жимсний дөрвөн тариалангийн талбайд булсан байсныг цагдаа нар саяхан олж илрүүлсэн аж.

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос өчигдөр мэдэгдэл хийхдээ “Мансууруулах бодис хууль бусаар наймаалагч “Gulf Clan” бүлэглэлийн эсрэг явуулсан ажиллагааны үеэр энэ их хэмжээний кокаиныг цагдаа нар олж илрүүлсэн” гэжээ. Хураагдсан мансууруулах бодис нь тус бүлэглэлийн толгойлогч Отониелынх аж.
Колумбын аюулаас хамгаалах хүчнийхэн Отониелыг барих гэж олон жил хөөцөлдөж байгаа гэнэ.

Колумб нь кокаин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд жилд 960 тн кокаин үйлдвэрлэдэг  гэсэн тооцоо бий. Тус улсын мафийнхны хувьд хар тамхины гол зах зээл нь АНУ юм. Тиймээс Колумбын хамгийн аюултай бүлэглэлүүдийн нэг болох “Gulf Clan”-ы толгойлогч Отониелыг барихад эсвэл хөнөөхөд тусалсан хүнд АНУ-ын Засгийн газар 5 сая долларын шан амлаад байна.

Энэ он гарснаас хойш Колумбын мансууруулах бодистой тэмцэх албаны цагдаа нар 362 тн кокаин хурааж аваад байгаа ажээ.
Г.Доржханд

Монгол брэнд