top banner

Шилдэг ерөөлч, магтаалч энэ сарын 12-нд тодорно


2017-11-09 16:14:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл ерөөл магтаалыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж алдаршуулах зорилгоор “Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан”-ыг энэ сарын 11, 12-нд зохион байгуулах гэж буй талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Уралдааныг БСШУСЯ-ны дэмжлэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран зохион байгуулах юм. Уралдаанд аймгууд тус бүр нэг ерөөлч, магтаалчийг нийслэлд болох эцсийн шалгаруулалтад оролцуулна. Эцсийн шалгаруулалтын оролцогчдын төлөөлөл болон шагналтнуудын нэгдсэн гала тоглолт энэ сарын 12-нд Улсын Филармонийн концертын танхимд болно. Ерөөлч, магтаалчийн төрөл бүрт алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын 8 эзнийг тодруулна гэдгийг зохион байгуулагчид нь хэллээ.

Монголын ард түмний уламжлалт язгуур урлагийн давтагдашгүй, өвөрмөц төрлийн нэг ардын аман зохиолын түүхэнд чухал байр суурийг эзэлсэн ерөөлч, магтаалчдын анхны улсын уралдааныг маршал Х.Чойбалсангийн санаачилгаар 1948 онд Монголын Зохиолчдын ерөнхий хорооноос зохион байгуулж эхлүүлсэн түүхтэй.

Үүнээс хойш 50-иад жилийн дараа Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэй “Ерөөлч, магтаалчдын улсын II уралдаан”-ыг “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв” ТББ-ын тэргүүн Хөдөлмөрийн баатар, УГЗ, төрийн их хан хуурч, ерөөлч магтаалч Ц.Цэрэндоржийн идэвх санаачилгаар 1996 онд амжилттай зохион байгуулжээ. Тус  уралдаанд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат оролцон ерөөлч, магтаалчидтай уулзаж, соёлын өвийн нэгэн төрөл зүйл болох ерөөл, магтаалыг хойч үедээ уламжлуулан хөгжүүлэх талаар бодлогоор дэмжин, хүүхэд залуусыг өргөнөөр суралцахыг уриалж байжээ.

Улмаар СГЗ, ерөөлч, тэмээчин Г.Оргойн нэрэмжит III уралдааныг 1998 онд Өмнөговь аймагт, нэрт магтаалч Л.Агваанжамбалын нэрэмжит IV уралдааныг 2000 онд БСШУЯ-наас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран Хэнтий аймагт, V уралдааныг 2003 онд БСШУЯ-наас Улаанбаатар хотноо, VI уралдааныг 2008 онд БСШУЯ-наас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хотноо тус тус амжилттай зохион байгуулж, сүүлийн уралдаанаас төрсөн ерөөлч магтаалч Л.Агваанжамбал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж байв.

Ерөөл, магтаалыг эрдэм шинжилгээ, судалгааны хэмжээнд эрчимжүүлэн хөгжүүлэхээр монгол аман зохиол судлагч, дэд эрдэмтэн Ц.Цэрэндорж 1994 онд “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв” ТББ-ыг байгуулан Монгол магтаалын төрөл зүйлийн хувьсал хөгжлийг тодорхойлсон “Хуур магтаалын бадрал уянга” бүтээлийг туурвихын зэрэгцээ 103 ерөөлч, магтаалчийн 200 гаруй ерөөл, магтаалыг эмхэтгэн хэвлүүлжээ.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд