top banner

Нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг чадавхжуулж байна


2017-11-09 14:56:07
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын ажлын албанаас аймгийн болон сумдын ИТХ-ын төлөөлөгчид, хурлын нарийн бичгийн дарга нар, багийн Иргэдийн нийтийн хурал/ИНХ/-ын дарга нар гээд нутгийн өөрөө удирдах байгууллагуудын сонгуультнуудыг чадавхжуулахад ихээхэн анхаарч байна.
Саяхан УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Нутгийн төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн 87 багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг хоёр өдөр зохион байгууллаа. Багийн ИНХ-ын хуралдаан, түүний шийдвэрийн хэрэгжилт, иргэдийн оролцоо, багийн ИНХ-ын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай сэдвүүдээр үндэсний сургагч багш нар сургалт явуулсан байна.
Энэхүү төслийн хүрээнд аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, хурлын нарийн бичгийн дарга нарын сургалтыг оны эхнээс явуулж иржээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын анхан шатны нэгжүүд өөрийн байр, ширээ сандалгүй, үйл ажиллагааны ямар ч зардалгүй байдгийг үе шаттай шийдвэрлэхэд аймгийн ИТХ-аас анхаарч байгаа ажээ. Энэ удаагийн сургалтын хүрээнд багийн ИНХ-ын даргын ажлын дэвтрийг хэвлүүлж тэдний хийх ажлын чиглэлүүд, заавар журмуудыг дэвтэрт нь оруулж өгчээ. Багийн ИНХ-ын дарга нар багийн даргын цалингийн 30 хувьтай тэнцэх урамшуулал авдаг байна.                                                                                                                     
                                                                                                                           Ш.Цоодол

Монгол брэнд