top banner

Төрийн байгууллагын дарга нар орос хэлээр өрсөлдлөө


2017-11-09 14:21:03
Зураг
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсээс төрийн байгууллагын дарга, удирдлагуудын дунд “Орос орныг хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн уралдааныг өчигдөр зохион байгууллаа. Тэмцээний гол зорилго нь орос орны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, орос хэлээр ярих чадварыг хөгжүүлэх, аймгийн ЗДТГ-ын зүгээс төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага судлах ажлыг өргөжүүлэх, Увс аймагт байгуулагдсан Орос хэлний төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэжээ.
Энэхүү арга хэмжээнд агентлагийн дарга нар дөрвөн багт хуваагдаж өрсөлдсөн байна. Багууд гэрийн даалгаврын дагуу өөрсдийгөө оросоор танилцуулан, мэндчилгээ дэвшүүлж, “Орос орныг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт Орос орны түүх, газарзүй, алдартай хүмүүсийн талаар танин мэдэхүйн асуултуудад хариулж, “Оросын киног хэн сайн мэдэх вэ?”, “Орос шүлгийг хэн илүү уран яруу унших вэ?”, түргэн хэллэг, “Орос дууг хэн сайн дуулах вэ?” зэрэг зургаан төрлийн уралдааныг зохион явуулжээ.
Тэмцээнд аймгийн БТСГ-ын дарга Б.Ганболдоор ахлуулсан “Радуга” баг 36 оноогоор тэргүүн байр эзэлж, “Дэглий Цагаан” нисэх буудлын дарга Л.Энхтуяагаар ахлуулсан “Молния” баг 35 оноогоор хоёр, ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяраар ахлуулсан “Журавли” баг 31 оноогоор гурав, ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очироор ахлуулсан “Вера. Надежда. Любовь” баг 30 оноогоор дөрөвдүгээр байр тус тус эзэлсэн байна. Уралдаанд байр эзэлж амжилттай оролцсон бүх оролцогчдыг диплом, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан байна. 
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ой, Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүд 2017 оны 10-11 сард орон даяар явагдаж байгааг тохиолдуулан энэхүү тэмцээнийг зохион байгуулсан аж.
Б.Батхүү

Монгол брэнд