top banner

Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд иргэдээ бүрэн хамруулахад анхаарч байна


2017-11-09 14:20:25
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Халдварт болон халдварт бус өвчний гаралт сүүлийн жилүүдэд буурахгүй өсөх хандлагатай байгаа энэ үед Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарынхан иргэдээ өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж байна.
Энэхүү урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт иргэн бүрийг хамруулж, хэнийг ч орхигдуулахгүй үйлчлэх зарчмыг баримталсан аж. Иймээс ч энэ удаагийн Хушаат суманд явуулсан үзлэгээ үр дүнтэй явуулахын тулд сумын ЭМТ, сум, багийн Засаг дарга нартай хамтарч иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, айл өрх бүрт урилга хүргүүлэн ажилласан хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од ярилаа. Хушаат сум нь 2000 гаруй хүн амтай. Нийт хүн амын 1300 орчим нь 15-аас дээш насны иргэд байдаг бөгөөд энэхүү эрт илрүүлгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт нийт хүн амын 80 орчим хувь нь бүрэн хамрагдаж, мэдээллийг нь цахим санд баталгаажуулан хадгалсан байна.
Халдварт болон халдварт бус өвчний гаралт улсын хэмжээнд буурахгүй байгаа нэг шалтгаан нь иргэд өөрийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул байгаатай холбоотой гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Сэлэнгэ аймаг сүүлийн таван жилийн байдлаар халдварт өвчний шалтгаант өвчлөлийн нэг болох сүрьеэ өвчнөөр улсад дээгүүрт орж байгаа. Иймд тус аймгийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр энэ зүгт анхаарлаа хандуулж 2020 он гэхэд “Сүрьеэгүй-Сэлэнгэ” болох зорилт дэвшүүлэн хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулан ажилдаа ийнхүү эрчимтэй ороод байгаа билээ.  
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд