top banner

Сэтгүүлзүйн оюутнууд эрүүл мэндийн сургалтанд хамрагдав


2017-11-09 14:07:29
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэнд ба залуу сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр ЭМЯ, "Оюуны дархлаа" ТББ-аас Сэтгүүлч дээд сургуультай хамтран сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байгаа их дээд сургуулиудын оюутнуудад зориулсан нэг өдрийн сургалтыг энэ сарын 8-ны өдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулсан юм.

Сургалтыг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын мэргэжилтэн С.Отгонсүх, “Оюуны дархлаа” ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар, Сэтгүүлч дээд сургуулийн захирал Р.Оюунцэцэг нар нээж үг хэллээ.

НЭМГ-ын мэргэжилтэн С.Отгонсүх: “Нийгмийн эрүүл мэнд бол хүн бүхэнд хамаатай, тэр тусмаа сэтгүүлч мэргэжил эзэмшиж байгаа оюутнуудын хувьд энэ талаар мэдлэг мэдээлэлтэй байх нь цаашдын нийтлэл сурвалжлагад олон сэдэв санаагаар баяжуулж олон нийтийг соён гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн онцолж байв.

Харин “Оюуны дархлаа” ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар: “Сэтгүүлч мэргэжил бол ерөнхий мэргэжил юм. Эмч гэхэд хүүхдийн, эмэгтэйчүүдийн, дотрын, зүрхний, бөөрний гэх мэтээр нарийн мэргэшсэн байдаг бол сэтгүүлч ч гэсэн тодорхой сэдвээр мэргэших ёстой. Ингэж дагнаж байж амжилтад хүрнэ. Тэр тусмаа эрүүл мэндийн сэдвээр мэргэшинэ гэдэг нь нийгмийн эрүүл мэндийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх буянтай бөгөөд маш их амжилт дагуулах чиглэл юм шүү” гэлээ.

Сургалтанд НЭМҮТ-ийн ажилтан Б.Түвшинбаяр, ХӨСҮТ-ийн, Томуугийн үндэсний нэгжийн судлаач, магистр Д.Оюунгэрэл, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны судлаач Д.Эрдэнэчимэг, ХӨСҮТ-ийн судлаач эмч Р.Амгалан, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын судлаач Д.Түмэндэмбэрэл, "Оюуны дархлаа" ТББ-ын тэргүүн, ХӨСҮТ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхбаатар нар нийгмийн эрүүл мэндийн тухай, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай, эрүүл мэндийн сэтгүүлзүйн сэдвүүдээр тус тус хичээл заасан юм.

Сургалтад сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байгаа их дээд сургуулиудын 20 гаруй оюутан хамрагджээ.

Д.Өлзий

Монгол брэнд