top banner

Цаг агаараас үүдсэн саатал учраагүй байна гэв


2017-11-09 12:22:29
Зураг
 Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 8- нд баруун, 9-нд төв болон говийн аймгуудын нутгаар цасан шуургатай тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг Авто тээврийн Үндэсний төвөөс ард иргэдэд анхааруулсан. Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн хувьд хүйтэн, салхитай зарим сумын нутгаар бага зэргийн цас орон шуурсан байдалтай байна. Улаанбаатараас Мандалговийн чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн автобус өглөө 8 цагт гарсан. Одоогоор цаг агаарын нөхцлөөс үүдэлтэй ямар нэг саатал гараагүй, хэвийн зорчиж байна гэж Дундговь аймаг дахь Авто тээврийн газраас мэдээлж байна.
Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөө өглөөний 8 цагийн байдлаар Сайхан- Овоо, Дэлгэрхангай сумын нутгаар 1 мм, Говь-Угтаал, Луус, Өндөршил сумын нутгаар 0.2-0.9 мм хур тунадас орсон байна.
11 цаг 30 минутын байдлаар Мандалговь хот орчимд салхи түр зуур секундэд 15 м хүрсэн бол Гурвансайхан, Өлзийт, Хулд, Дэрэн, Говь-Угтаал сумын нутгаар бага зэргийн цасан шуургатай, салхи секундэд 12-13 м, үдээс хойш Говь-Угтаал, Дэрэн сумын нутгаар бага зэргийн шуургатай байхыг хэлж байна. Өнөө оройдоо салхи, шуурга өнгөрнө. Харин маргаашаас эхлэн хүйтэрч, өдөртөө хасах 1-3 градус хүйтэн байх цаг агаарын төлөв гарчээ.
 
T. Отгонтуяа

Монгол брэнд