top banner

Чацарганы 218 мянга гаруй суулгац тариаллаа


2017-11-09 11:51:07
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг “Чацаргана” хөтөлбөр хэрэгжүүлж энэ жил нийт 174,8 га-д 218479 ширхэг суулгац тариалаад байна. Чацарганы тариалалтыг хавар, намар хоёр удаа хийсэн бөгөөд нийтдээ 26 аж ахуйн нэгж, 132 бүл, 661 өрхийн 1693 иргэн энэ ажилд оролцож, ирэх жилүүдэд үр жимсийг хүртэхээр ажиллаж байгаа юм.
          Сэлэнгэ, Булган суманд хамгийн их буюу 32,0-32,4 га талбайд чацарганы мод суулгажээ. Харин Могод, Хангал, Сайхан суманд 4,4-5,0 га-д суулгац тарьсан аж.
-   Ард иргэдийн өрхийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Иргэдэд 3-5 жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй хүүгүй зээлээр суулгац, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж чацаргана тариулсан. Арчлан тордож сайн ургуулбал тэр хэмжээгээр иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргаа дээшилнэ гэж аймгийн Засаг даргын зөвлөх О.Гантулга хэллээ.
М.Батжаргал

Монгол брэнд