top banner

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж эхэллээ


2017-11-09 11:01:52
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе 10 дугаар сараас эхэлж нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Тиймээс томуугийн дэгдэлтийг багасгах зорилгоор аймгийн ЭМГ-аас өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан томуугийн эсрэг вакцин хийж эхэлжээ. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн эхчүүдэд энэ вакциныг үнэгүй хийсэн байна. Харин өчигдрөөс эхлэн сайн дурын вакцинжуулалтыг хийж байна. 

Архангай аймгийн хэмжээнд 10 дугаар сарын хоёр дахь 7 хоногоос эхлэн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгджээ. Томуу, томуу төст өвчнөөр ихэвчлэн 0-5 хүртэлх насныхан өвчилж байгаа ажээ. Энэ нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүн амын 85 хувийг эзэлж байна. 10 сар гарсаар нэгдсэн эмнэлгийн амбулаториор үзүүлсэн нийт иргэдийн 3,3 орчим хувь нь томуу, томуу төст өвчний улмаас хандсан байна. Харин Яаралтай түргэн тусламжийн төвөөр ирсэн нийт дуудлагын 14,5 хувь нь мөн л томуу томуу төст өвчний шалтгаантай дуудлага байжээ. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй бага байгаа ч цаашдаа ихсэх хандлагатай байгааг эмнэлгийн байгууллагаас хэлж байна.

 

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд