top banner

ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг чадавхжуулах сургалт болж байна


2017-11-09 09:38:47
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Төлөөллийн байгууллагыг  бэхжүүлэх нь” төсөл, Ховд аймгийн ИТХ хамтран “Багийн Иргэдийн нийтийн хурал/ИТХ/-ын дарга нарыг чадавхжуулах нь” үндэсний суурь сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд  Ховд аймагт  зохион байгуулж байна.
Сургалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн , 17 сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга болон 91 багийн ИНХ-ын дарга нараас бүрдсэн 108 хүн хамрагдаж байгаа ажээ.
Сургалтын  үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлэхдээ “Багийн ИНХ-ын дарга нар нь иргэдтэй  хамгийн ойрхон ажиллаж,  тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар хамгийн түрүүнд мэдээлэл авч,  төр болон ард иргэдийг холбох гүүр болдог. 2016 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр багийн ИНХ-ын дарга нарын 70 гаруй хувь нь шинээр томилогдсон байна. Тэгэхээр шинээр сонгогдсон багийн ИНХ-ын дарга нар сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд  хууль  эрх зүйн орчинд хэрхэн ажиллах,  ямар  үүрэг  хариуцлага хүлээх  талаар мэдлэг мэдээлэлтэй, арга зүйн туршлагатай болгох давуу талтай” хэмээв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ИТХ-ын дарга, төлөөлөгч нарыг чадавхжуулах сургагч багш нарыг үндэсний хэмжээнд бэлтгэсэн бөгөөд тэдгээр багш нарын төлөөлөл дөрвөн хүн сургалтыг удирдан явуулж байна. Тодруулбал, Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын албаны ерөнхий санхүүч Д.Уранчимэг, Өвөрхангай аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн, Өмнөговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Галхүү нар “Нутгийн өөрөө удирдах ёс ба багийн ИНХ-ын эрх зүйн үндэс”, “Багийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ хийх арга зүй”, “Багийн ИНХ-ын хуралдаан”, “Багийн ИНХ-ын тэргүүлэгчид”, “Иргэний оролцоо”, “Бэлчээрийн менежмент”, “Багийн ИНХ-ын шийдвэр, хэрэгжилт, түүнд тавих хяналт” зэрэг сэдвүүдээр хоёр өдөр сургалт хийж, мэдээлэл өгч байна.
Сургалтад оролцогчдыг гурван хэсэгт хувааж, аймгийн ЗДТГ-ын иргэний танхим, Мэргэжлийн хяналтын газрын сургалтын танхим, ГХБХБГ-ын сургалтын танхимуудад тус тус хичээллүүлж байгаа юм. Ховд аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны  хөтөлбөрт тусгасаны дагуу  шат шатны нутгийн  өөрөө удирдах ёсны байгууллагад ажиллаж байгаа идэвхтэн сонгуультнуудыг сургаж дадлагажуулах, мэдлэг мэдээллээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Үүний нэг томоохон ажил нь уг сургалт бөгөөд  багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах, олон нийттэй хийх уулзалт, иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулах, тэргүүлэх арга замын талаарх практик зааварчилгаа, мэргэжлийн зөвлөмж өгөв.
                                                                                               А.Бямбасүрэн

Монгол брэнд