top banner

Шинэ-Зеландын "тэргүүн муур" ослоор үхжээ


2017-11-08 21:36:44
Зураг
ВЕЛЛИНГТОН. /Би-Би-Си/. Шинэ-Зеландын шинэ Ерөнхий сайд Жасинда Ардерны муур автомашинд мөргүүлэн үхсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

“Тэргүүн муур” хочит Пэддлс хэмээх муур өчигдөр автын ослоор үхсэнийг хатагтай Ж.Ардерны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Өдгөө 37 настай Ж.Ардерн нь өнгөрсөн сард тус улсын сүүлийн 150 жилийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болсон билээ. Шинэ-Зеландын Амьтны эрхийг хамгаалах төвөөс авч байсан энэ муурандаа Ерөнхий сайд Ж.Ардерн ихэд хайртай байсан бөгөөд хаа явсан газраа дагуулан явдаг байсан юм. 

Өнгөрсөн сард энэ мууранд зориулан “First Cat of NZ” буюу “Шинэ-Зеландын тэргүүн муур” гэсэн "Твиттер" хаягийг хэн нэгэн нээсэн бөгөөд энэ хаяг нь богино хугацаад 11 мянга гаруй дагагчтай болсон байна. Пэддлс муур үхсэнтэй холбоотойгоор Шинэ-Зеландын Ерөнхий сайд Ж.Ардернд дотоод болон гадаадын олон хүн “Твиттер” хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлж байна.
Г.Доржханд

Монгол брэнд