top banner

Засаг даргад инженерүүдийн баг зөвлөнө


2017-11-08 18:28:33
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын үр нөлөөг дээшлүүлэх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой инженерийн зөвлөх багийг байгууллаа.
Монгол Улсын гавьяат барилгачин М.Могойтар, зөвлөх инженер С.Сэр-Од, инженер Д.Бадарч, Ц.Лхагвасүрэн, Л.Цогт нарын хөдөө аж ахуй, барилга, дэд бүтцийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай хүмүүс аймгийн Засаг даргад зөвлөх юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Нарангэрэл:
- Аливаа хөрөнгө оруулалтын техник, эдийн засгийн үндэслэл, ажлын даалгаврыг боловсруулах ажил цөөн тооны мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийгддэг. Үүнээс шалгаалаад бүтээн байгуулалтын ажлын явцад шийдвэрлэх боломжгүй асуудал цөөнгүй тулгарч, цаг хугацаа алдахад хүргэж байна. Иймээс салбар бүрийн өндөр мэргэшлийн инженерүүдийг оролцуулсан зөвлөх багийг ажиллуулахаар болсон. Бид инженерүүдийн олон жилийн дадлага, туршлага, арга барилаас суралцах зорилготой гэж ярьсан юм.
Инженерүүдийн зөвлөх баг орон нутгийн бүтээн байгуулалтын ажлын явц байдалд хөндлөнгийн хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, аймгийн удирдлагыг ажил хэргийн мэдээллээр хангах, мэргэжилтнүүдэд зөвлөх, хөрөнгө оруулалт шаардлагатай ажлын даалгавар боловсруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх гол үүргийг  гүйцэтгэх аж.
М.Батжаргал

Монгол брэнд