top banner

Баян-Өлгийд үр хөндүүлэх явдал буурч байна


2017-11-08 16:18:46
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт  үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн тоо сүүлийн таван жилд тогтмол буурч байгаа нь аймгийн Эрүүл мэндийн газарт бүртгэгдсэн статистик мэдээнээс харагдаж байна.

Аймгийн хэмжээнд 2013 онд 420 эмэгтэй үр хөндүүлсэн бол, 2014 онд 384, 2015 онд 357, 2016 онд 331, 2017 оны эхний 10 сарын байдлаар 287 тохиолдол бүртгэгджээ. 2017 онд үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 1,8 хувийг 20 хүртэлх насны охид, 2,4 хувийг оюутнууд, 8,3 хувийг анхны жирэмслэлттэй эмэгтэйчүүд эзэлжээ. Үр хөндөлтийн түвшин буурсан нь иргэдийн нөхөн үржихүйн боловсрол тодорхой хэмжээгээр дээшилсэнтэй холбоотой хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Харин энэ үзүүлэлт улсын хэмжээнд эсрэгээрээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа юм. Үр хөндөлтийн үндсэн шалтгаануудын тоонд мөнгө санхүү дутмаг, жирэмсэлсний дараа үр хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх, гэр бүл төлөвлөлтгүй, жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг хэрэглэгддэггүй гэх мэт хүчин зүйлс ч нөлөөлдөг аж.

Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газар, өсвөр үеийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх "Ирээдүйн босго" төвөөс сургуулийн насны хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн боловсрол олгох, зөвлөгөө өгөх ажлыг сургуулийн захиргаа, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулж байна. 


Ө.Нурболат

 

Монгол брэнд