top banner

Хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд агаар цэвэршүүлэгчтэй болов


2017-11-08 15:51:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 11 байгууллагад 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил болон 0-5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэг үүсэхэд сөргөөр нөлөөлж буйг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн гадаад орчны агаараас илүү дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул ХЕПА шүүлтүүр бүхий уг агаар цэвэршүүлэгч нь ихээхэн үр дүнтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэллээ.

Энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай юм. Агаарын бохирдол ихтэй, улирлын чанартай томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаа энэ үед агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болсноор эдгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт 50 мянган хүүхдийн эрүүлжих нөхцөл бүрдэж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг дүүргийн эмнэлгүүдийн хувьд энэхүү төхөөрөмж нь маш чухал. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх боломж бүрдэж байна. Цаашид энэхүү ажлыг шат дараатай хэрэгжүүлж, эмнэлгийн бусад өрөө тасалгааны дотоод орчны агаарыг сайжруулах арга хэмжээ авна. Мөн агаар цэвэршүүлэгч суурин төхөөрөмжийг эмнэлгүүдэд байрлуулахаар төлөвлөсөн” гэдгийг хэлэв. 

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Ж.Болор

Монгол брэнд