top banner

Шилдэг залуу судлаачид тэтгэлэг хүртэв


2017-11-08 15:04:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлаас шилдгээр тодорсон 12 бүтээлд өнөөдөр БСШУС-ын сайдын нэрэмжит грантыг гардууллаа.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Шинжлэх ухаан, технологи, инноваци бол Монгол Улсын ирээдүйг тодорхойлох салбар юм. Тиймээс энэ салбарт онцгой анхаарал хандуулж, төрийн бодлогын залгамж халааг хадгалж, залуу эрдэмтэн судлаачдыг сурч боловсрох бүхий л нөхцөл бололцоогоор хангаж ажиллана. Мөн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжинэ. Залуу судлаачдыг эрдэм шинжилгээний ажлаа хийхэд нь бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын болон гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломжийг олгоно” гэв.

Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 400 орчим эрдэмтэн судлаач оролцох хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрээс эхний шатанд тэнцсэн 230 бүтээлийг зургаан товхимол ном болгон хэвлүүлсэн бөгөөд нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр хэлэлцүүлсэн байна.

Эрдэм шинжилгээний товхимолд ирүүлсэн бүтээлийн тоо, чанар болон хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж байгааг БНСУ, ОХУ, БНХАУ, Тайвань зэрэг орны судалгааны хүрээлэнд ажиллаж байгаа болон их дээд сургуульд сурч буй залуу судлаачид олноор идэвхтэй оролцсоноос харж болох юм. Иймээс ирэх жилийн бага хуралд хилийн чанадад ажиллаж, суралцаж буй судлаачдыг нэмж татан оролцуулахаа зохион байгуулагчид нь онцлов. 

Ж.Болор

Монгол брэнд