top banner

Д.Марадона Венесуэлийн телевизээр хөл бөмбөг тайлбарлана


2017-11-08 14:34:11
Зураг
КАРАКАС. /Ройтерс/. Аргентины домогт хөл бөмбөгчин Диего Марадона Венесуэлийн төрийн өмчийн “Телесур” телевизтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлсэнээр, Д.Марадона  нь “Телесур” телевизийн  хөл бөмбөгийн хөтөлбөрийн тайлбарлагчаар ажиллахаар болжээ. Тодруулбал, тэрбээр ирэх онд Орост болох хөл бөмбөгийн ДАШТ-ий тайлбарлагчаар нь ажиллахаар болсон байна. Энэ хөтөлбөрийг “10 номерын гараас” гэж нэрлэх аж. Энэ нэр нь Д.Марадонагийн хочтой холбоотой гэнэ. Тэрбээр 1986 онд Мексикт болсон ДАШТ-ий үеэр Английн багийн хаалганд гараараа гоол оруулснаар “бурхны гар” хочтой болсон билээ.



Венесуэлийн улс төр ба эдийн засаг гүн хямралд ороод байгаа энэ үед дээрх мэдээлэл гарлаа. Энэ оны эхээр тус улсад Ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газрын эсрэг жагсаал эхэлснээс хойш 120 гаруй хүн амиа алдаад байгаа юм.

“Эрх чөлөөт Венесуэлийн цэрэг”

Венесуэлийн улс төр ба эдийн засгийн хямралыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авахгүй, ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэж байна гэж Н.Мадурог дэлхий нийт ид шүүмжилж байх үед буюу өнгөрсөн наймдугаар сард Д.Марадона түүнд ил захидал илгээж байсан юм. Д.Марадона уг захидалдаа “Эрх чөлөөт Венесуэлийн төлөө империализмтай тэмцэхэд би бэлэн байна” гэсэн байсан билээ.

Д.Марадона нь Н.Мадуро тэргүүтэй Латин Америкийн зүүний төвч үзэлт улс төрчдийг илэн далангүй дэмжигч гэдгээрээ алдартай нэгэн билээ. Түүний гар болон хөл дээр Кубын Хувьсгалын баатрууд болох Че Гевара,  Фидель Кастро нарын шивээс байдаг юм.

Г.Доржханд

Монгол брэнд