top banner

Хонины цэцэг өвчний эсрэг 500 мянган тун вакцин тарина


2017-11-08 13:39:19
Зураг
 Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 500 мянган тун тарилга хийнэ. Энэ оны нэгдүгээр сард бүх хонин сүрэгт цэцэг өвчнөөс сэргийлэх тарилга хийсэн бөгөөд хоёр дахь  дархлаажуулалтыг нэг жилийн дараа хийх хугацаатай боловч хүйтрэхээс өмнө амжиж хийхээр төлөвлөж байна гэж аймгийн ХХАА- н газрын Мал эмнэлэгийн хэлтсээс мэдээллээ.
500 мянган тун тарилгыг Булган аймгаас татан авна. Үүнийг Цагаандэлгэр, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн сумын бүх хонин сүрэг, Адаацаг, Эрдэнэдалай, Сайнцагаан, Өлзийт, Гурвансайхан, Дэлгэрцогт сумын цэцэг өвчин гарч байсан бүсэд хамаарах хонин сүрэгт хийх юм байна.
Наймдугаар сараас эхлэн шүлхийн эсрэг тарилгыг хийж байгаа талаар мэдээлж байсан. Шүлхийгээс урьдчилан сэргийлэх тарилга энэ долоо хоногийн эхэнд дууссан бөгөөд 8 сумын 2 мянга 225 малчин өрхийн 1 сая 175 мянган малд уг тарилгыг хийжээ.
Өнөөдрийн байдлаар эм тугал, хурга, ишгэнд бруцеллёзоос сэргийлэх тарилга хийж  байна. 880 мянга гаруй төлд тарилга хийхээс өнөөдрийн байдлаар 77 хувьд нь хийсэн. Энэ долоо хоногт бруцеллёзын тарилгыг дуусгана гэж  аймгийн Хүнс, ХАА- н газрын Мал эмнэлэгийн хэлтсээс мэдээллээ. 
 
T. Отгонтуяа
 

Монгол брэнд