top banner

Гурван улсын худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх асуудлаар ярилцлаа


2017-11-08 13:37:05
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ-ын Ховд аймаг дахь салбар танхим  хамтран Алтайн бүс нутгуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын “жилийн хурал”-ыг зохион байгууллаа.
 
Ховд аймагт болсон тус хурлын зорилго нь Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Алтайн бүс нутгийн аймгуудын хооронд хийгдэх худалдааг өргөжүүлэх, хөнгөвчлөх, хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төр, захиргааны байгууллагууд болон худалдаа аж үйлдвэрийн танхимуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд “Гурван улсын худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд төр захиргааны байгууллагууд болон худалдаа аж үйлдвэрийн танхимуудын үүрэг оролцоо”  сэдвийн хүрээнд өрнөсөн юм. 
 
Уг  хуралд БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймаг болон Монгол орны баруун бүсийн тулгуур Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, менежер болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 40 гаруй хүн оролцлоо. Харин ОХУ, Казакстан улсын ХАҮТ-ын төлөөлөгч нар замын хүнд нөхцөл байдлаас шалтгаалаад  хүрэлцэн ирээгүй байна. 
Хуралд  БНХАУ-ыг төлөөлж ШУӨЗО-ны  Худалдааг дэмжих хорооны дарга Лю Ган, ШУӨЗО-ны Цахим худалдан авалт компаний захирал Ху Ү Жиа,  “Ке Лан Юуан” загасны гаралтай бүтээгдэхүүний ХХК-ийн захирал Ван вэй, “Жи Бай Хуй”  худалдааны төвийн дарга  Сүн Жин Чен  нар оролцлоо.
Ховд аймгийн  Засаг дарга Д.Галсандондог “Ховд аймаг нь бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх замаар гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдыг татан, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэн ”бизнест ээлтэй аймаг” болох зорилт тавин ажиллаж байна. Манай аймгийн  хэмжээнд нийт 2380 орчим  аж ахуйн нэгж, иргэд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд  70 гаруй нэр төрлийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  жилд дунджаар 8.9 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт  хийж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40.1 хувийг эзэлж байна” гэж танилцууллаа.
Түүнчлэн БНХАУ-ын Такешкан боомтын үйл ажиллагаа орон нутгийн бизнес эрхлэгчдэд нэлээдгүй хүндрэл учруулдаг. Татвар, ачаалалыг  бууруулах  талаар олон удаа ярилцаж,  нэгдмэл саналд  хүрсэн  боловч бодит байдал дээр ажил болж хэрэгжихгүй байгааг мөн  тэрээр дурьдсан юм.  
Тус  хурлын  хүрээнд “Баруун бүс нутийн хөгжил, хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга зам”, “Алтайн бүс нутгуудын ХАҮТ-уудтай хамтран ажилласан туршлага”, Булган боомтын хилийн хорио цээрийн хяналтад хэрэгжүүлж буй дүрэм журам, Гаалийн газрын үйл ажиллагаа, баримталж буй зарчмын талаар холбогдох мэргэжилтнүүд, Баруун бүсийн таван  аймгийн  Худалдаа Аж үйлдвэрийн  салбар танхимуудын дарга нар тус тус илтгэл хэлэлцүүллээ.   
Хурлын үеэр баруун бүсийн аймгуудын ХАҮТ-ын удирдлагууд орон нутагтаа жижиг, дунд үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарыг дэмжин хөгжүүлэх замаар ноосон бүтээгдэхүүн, мах, махан , арьс, ширэн, оёмол /үндэсний хувцас/, мод, модон бүтээгдэхүүн, хүнсний ногоо, тэжээл, тэжээлийн үр үйлдвэрлэл эрхлэн идэвх санаачилгатай ажиллаж байгаагаа танилцууллаа. Эдгээр бүтээгдхүүнээ хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, цахим худалдаа явуулах, бизнес эрхлэгчдийн туршлага судлах аялал зохион байгуулах замаар ОХУ, БНХАУ-руу экспортлох, хөрөнгө оруулалтын тал дээр хамран ажиллах, гурван улсын хилийн боомтуудыг олон улсын статустай болгох, баруун аймгийн иргэдийг БНХАУ-ын Рүмч хотын эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг болгох зэрэг олон чухал саналуудыг  гаргасан юм.  
Харин БНХАУ-ын ШУӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дарга Лю Ган баруун бүсийн аймгуудийн бизнес эрхлэгчидтэй загас, адуу болон мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортлох, онлайн худалдаа  явуулах  тал дээр  хамтран ажиллах өргөн  боломжтойг онцолж байв.
Хурлын үеэр БНХАУ-ын цагаан сарын баярын өмнө баруун аймгуудын хамтарсан бараа бүтээгдэхүүний  үзэсгэлэн худалдааг Шинжаанд зохион байгуулахаар боллоо. Мөн оролцогч талууд хамтарсан цахим худалдаа явуулах, бизнес  эрхлэгчдийн туршлага судлах аялал зохион байгуулахаар болсон юм. Үүнээс гадна БНХАУ-ын ШУӨЗО-ны төлөөлөгч нар хилийн боомтуудыг олон улсын статустай болгох  талаар,  эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээний талаар  холобгдох газруудад уламжлахаар болов. 
 
                                                                                                                                              А.Бямбасүрэн
                           

Монгол брэнд