top banner

Техасын зэвсэгт этгээд сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлгээс оргож байжээ


2017-11-08 10:26:01
Зураг
САЗЕРЛЕНД-СПРИНГС. /Америкийн дуу хоолой/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт АНУ-ын Техас муж улсын Уилсон хошууны Сазерленд-Спрингс хэмээх жижиг хотын нэгэн сүмд 26 хүнийг буудан хөнөөж, 30 орчим хүнийг шархдуулсан этгээд нь 2012 онд сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлгээс оргож байжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Девин Келли гэгчийг “өөртөө болон өрөөл бусдад аюул учруулахаар байна” гэх шалтгаанаар Техас муж улсын Эль-Пасо хотын цагдаа нар таван жилийн өмнө баривчилж, улмаар сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт шилжүүлэн өгч байсан гэнэ. Тодруулбал, тэрбээр АНУ-ын Агаарын цэргийн хүчинд ажилладаг байхдаа эхнэртээ гар хүрч, дагавар хүүгийнхээ тархийг нь хагалсан аж. Үүний дараа түүнийг “сэтгэцийн эмгэгтэй” гэж оношлон Мексиктэй залгаа хилийн ойролцоо орших сэтгэцийн эрүүл мэндийн нэгэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна. Гэвч тэрбээр тус эмнэлгээс удалгүй оргож байжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр тэрбээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шоронд нэг жилийн хорих ял эдлээд өнгөрсөн онд суллагдсан аж.

Зэвсэгт этгээд чухам ямар шалтгааны улмаас Техасын сүмд халдлага үйлдэх болсныг олж тогтоохын тулд гар утасных нь цоожийг тайлахыг бид оролдож байна гэж Холбооны мөрдөх товчооны мөрдөгчид мэдэгдэв. Холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, зэвсэгт этгээд нь хэргийн газраас оргон зугтасныхаа дараа толгойдоо буудан амиа хорлосон байна.
Г.Доржханд

Монгол брэнд