top banner

Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ


2017-11-08 10:18:40
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Дэвид Спрул “Канад Улс нь Монгол Улсын уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулагчийн нэг юм. Манай хөрөнгө оруулагчдын зүгээс танай улсаас тогтвортой, ойлгомжтой байдлыг хүсч байна” гэлээ. Мөн тэрээр УУХҮЯ, БОАЖЯ-тай уул уурхайн удирдлага менежментийг сайжруулах, ил тод үйл ажиллагаа явуулах талаар хамтран ажиллах гурван томоохон төсөл боловсруулсныг дуулгав.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Засгийн газраас хариуцлагатай, ил тод уул уурхай, тэр тусмаа нөхөн сэргээлтийг сайн хийж, орон нутгийн хөгжилд анхаарлаа хандуулдаг хариуцлагатай компаниудыг бүрэн дэмжинэ. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргахад томоохон нөлөө үзүүлсэн улсуудын нэг бол Канад юм. Тиймээс танай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж,  дараагийн төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлэх алхамыг тавина. “Аивенхоу Майнз”,  “Эрдэнэ ресурс”, “Центерра гоулд”-ын төсөл дээр Засгийн газар болон яамны зүгээс анхаарч ажиллана” гэв.

Түүнчлэн өнгөрсөн жилийн гуравдугаар сард болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ны чуулга уулзалтын үеэр манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгж олон байсанд сэтгэл өндөр байна. Чуулга уулзалтын хүрээнд  “Монголд тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь”  сэдвээрх форумыг дахин ирэх оны гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээв.

Сайд Д.Сумъяабазар Канад Улстай уул уурхайн тэргүүлэх технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг хэд хэдэн зүйл дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр уламжилсан юм.

Монгол брэнд