top banner

Хашаатын даваа-Толбо чиглэлийн замын гүйцэтгэл 25 хувьтай байна


2017-11-08 00:08:03
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл"-ийн хүрээнд баригдаж буй Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км замын барилгын ажил 25 хувьтай байна.

Энэ нь уг төслийн хүрээнд баригдаж буй бусад замын багцуудтай харьцуулахад хамгийн доогуур үзүүлэлт юм. Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км замын барилгын ажлыг БНХАУ-ын “Чайна Хуаши Интерпрайзиз“ компани гүйцэтгэж байна. Тухайн багцын ажлын удаашралтай байгаа шалтгааныг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын улсын байцаагч И.Байдол, "Гүйцэтгэгч компанийн гадаад ажилчид анх Монгол Улсад жуулчны визээр нэвтэрсэн байна. Тэд холбогдох байгууллагуудын шаардлагын дагуу Монголын хилээс буцаж гараад, ажиллах хүчний визээр нэвтрэх гэж нэг сарын хугацаа алдсан. Хөдөлмөр эрхлэлтийн ерөнхий газраас энэ ажилчдын ажиллах зөвшөөрөл нь нэг сарын дараа гарсан. Ийм шалтгаануудын улмаас замын ажил хоёр сараар хоцорч эхэллээ" хэмээн тайлбарлалаа.  

Босоо тэнхлэгийн авто замын баригдаагүй үлдсэн 189,7 км замын нэг, хоёрдугаар багц болох Хашаатын даваа-Шурагийн гүүр чиглэлийн 50 км замын ажил 55 хувь, хоёрдугаар багц болох Шурагийн гүүр-Ховд чиглэлийн 53,9 км зам 64,4 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр дөрөв дэх багц Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км замын ажил хөрөнгө оруулагч банк болон гүйцэтгэгч компанийн хооронд үүссэн үл ойлголцлоос үүдэн гацсан байдалтай байна. Өмнө нь Өлгий-Цагааннуур чиглэлд 70 км хатуу хучилттай зам барьсан "Алтайн зам» компани тус багц замын тендертэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шийдвэр 2016 оны 10 дугаар сард нэхэмжлэгчийн талд гарчээ. Харин Азийн хөгжлийн банкны зүгээс "уг компанийн өмнөх гүйцэтгэсэн ажил шаардлага хангаагүй” хэмээн санхүүжилт олгохоос татгалзаж, замын барилгын ажил одоо хүртэл эхлээгүй ажээ.

Түүнчлэн тус төслийн хүрээнд аймгийн төвд 4.9 км авто зам, нэг гүүр баригдах ёстой аж. Одоогоор Өлгий хотын 5, 6, 10 дугаар багуудын нутаг дэвсгэрт 2,9 км зам баригдаж ашиглалтад ороод байна. Үлдсэн хоёр км замыг 2018 онд барихаар болжээ. 


Гэрээний дагуу дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг 2018 оны 8 дугаар сарын 31-нээс өмнө дуусгах юм. Ингэснээр Монгол Улсыг Ховд, Баян-Өлгий аймгаар БНХАУ-ын Шинжаань бүс, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох баруун бүсийн босоо тэнхлэгийн 743,1 км авто зам бүхэлдээ асфальт бетон хучилттай болж, орон нутгийн болоод олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа ажээ.

 

Ө.Нурболат


Монгол брэнд