top banner

Загварын шилдгүүдийг шалгарууллаа


2017-11-07 22:07:58
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Бриллиант клубээс “Өвөрхангайн гоёл-2018” хувцас загварын наадмыг дөрөв дэх жилдээ 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа.
Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжил олгох, загварын талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, Өвөрхангай аймгийн загварын өнөөгийн өнгө төрхийг тодорхойлох зорилготой уг наадамд 30 гаруй загвар зохион бүтээгч, 100 гаруй загвар өмсөгч оролцсон юм.
Хувцас загварыг үндэсний, гоёлын, уран сэтгэмжит гэсэн гурван төрлөөр, загвар өмсөгчдийг биеэ зөв авч явах, тайз эзэмших, загварыг амилуулах зэрэг байдлыг харгалзан шүүлээ. Үндэсний хувцасны төрөлд аймгийн МСҮТ-ийн суралцагч н.Урантүлхүүр, н.Золжаргал нарын “Монголжингоо” коллекци, Гоёлын хувцасны төрөлд Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч н.Мөнхзулын “Цэцэнгоо” коллекци, Уран сэтгэмжийн төрөлд Хужирт сумын ЕБС-ийн сурагч н.Халиуны “Үүлэн дмог” коллекци тус тус тэргүүлжээ.
Шилдгийн шилдэг загвар зохион бүтээгчээр Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч н.Мөнхзул шалгарсан бол шилдгийн шилдэг загвар өмсөгчөөр Мэргэд сургуулийн сурагч Амина, Өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр Арвайхээр сумын сурагч н.Оюунбилэг, Богд сумын ЕБС-ийн сурагч н.Мөнхдалай нар тус тус шалгарав.
Тэмцээний үнэлэмж жил ирэх тусам дээшилж, оролцогчдын тоо нэмэгдэж, загварын төрөл, чанар чансаа сайжирч байгаа гэдгийг тэмцээний шүүгчид хэлж байсан юм. Тэмцээнийг аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, ХДТ хамтран зохион байгууллаа.
Б.Батчимэг

Монгол брэнд