top banner

Цасан шуурганаар хоёр дуудлага иржээ


2017-11-07 21:47:38
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өчигдөр бүх нутгаар цас орж, замд халтиргаа, гулгаа үүсгэлээ. 11 дүгээр сарын 06-ны орой Өвөрхангай аймгийн төв болон хойд сумдаар нэг цаг орчим бороо орж, үргэлжлүүлэн цасан шуурга тавьж эхэлсэн юм.
Цасан шуурганаас үүдэлтэйгээр хаагдсан, боогдсон, төөрсөн гэх асуудал гараагүй гэдгийг аймгийн ОБГ-ын дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр хэлэв. 11 дүгээр сарын 07-ны өдөр тус газрын 7032101 утсанд хоёр дуудлага ирсний нэг нь Бүрд сумын Их-Боригдой багийн “Шартын даваа” гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай, Ховд, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны болон суудлын автомашин цасанд суусан дуудлага байв. Энэ үед зорчигчид цасанд боогдоогүй, харин хүнд ачаатай, том оврын машинууд болон зуны дугуйтай жижиг тэрэгнүүд даваа өөд гарч чадахгүй байснаас түгжрэл үүсгэжээ. Энд  Гал түймэр унтраах аврах 12-р ангийн алба хаагчид шуурхай ажилласан байна. Мөн Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар портер машин Онги гол гаталж явахад мөс цөмөрч суусныг аврах албаныхан татаж гаргаснаас Арвайхээр, Сант сумын харъяат гурван иргэний амь нас, эрүүл мэндийг аварсан байна.
Цаашид 11 дүгээр сарын 9-11 өдрүүдэд цас орж, салхины хүч ширүүсэх тул эдгээр өдрүүдэд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, ойр замд зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Б.Батчимэг

Монгол брэнд