top banner

Нэгээс бусад суманд дүйцсэн хөтөлбөрт сургалт явуулж байна


2017-11-07 21:18:55
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт ажиллаж буй Насан туршийн боловсролын төвийн багш нар энэ хичээлийн жилийн дүйцсэн хөтөлбөрийн сургалтдаа 92 иргэнийг хамруулж байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилийнхээс буурсан үзүүлэлт болж байгаа ажээ.
Дүйцсэн хөтөлбөрийн сургалт нь иргэдэд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн албан бус сургалтыг хэлдэг. Дундговь аймгийн хувьд дүйцсэн хөтөлбөрөөр суралцах иргэдийн тоо өнгөрсөн хичээлийн жилд 107 байсан бол энэ жил ийнхүү буурсан бөгөөд Говь-Угтаал сумаас бусдад нь дүйцсэн хөтөлбөрт сургалтыг явуулдаг байна. Тус сумын хувьд бичиг үсэг үл мэдэх болон дүйцсэн хөтөлбөрт сургалтад хамрагдах шаардлагатай иргэд байхгүй гэж үздэг хэмээн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Л.Оюунбаяр хэллээ.
Өнгөрсөн жил дүйцсэн хөтөлбөрт сургалтаар 36 иргэн бичиг үсэгт тайлагдсан бол энэ хичээлийн жилд 55 иргэн бичигт үсэгт тайлагдаж байгаа гэсэн мэдээллийг мөн өгч байна. Гэхдээ аймгийн хэмжээнд бичиг үсэг үл мэдэх хичнээн иргэн байгаа талаар нэгтгэсэн мэдээлэл хараахан байхгүй гэв.
Ямар боловч, дүйцсэн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай иргэдийн тоо буурч, бичиг үсэгт тайлагдсан үзүүлэлт өссөн үзүүлэлттэй байна. Энэ хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрт сургалтад хамрагдаж байгаа 92 иргэний дийлэнх нь 15-аас дээш насных бөгөөд 28 иргэн бага боловсрол эзэмшихээр суралцаж байгаа ажээ.

T. Отгонтуяа
 

Монгол брэнд