top banner

Хоёр тарифт тоолуурыг 100 орчим айл өрх тавиад байна


2017-11-07 21:13:52
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого хэрэгжүүлж, нийслэл, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-ээс эхлэн хөнгөлөх болсон.
Ингэхдээ гэр хорооллын бүс дэх айл өрхүүд хоёр тарифт тоолуур тавьснаар 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлүүлэх юм.
Хөдөө орон нутагт энэ тухай мэдээлэл хомс байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн хэмжээнд ахуйн хэрэглээтэй 7800 гаруй өрхөөс 100 орчим айл хоёр тарифт тоолуур тавиад байна.
Энэ талаар Эрдэнэт, Булганы цахилгаaн түгээх сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын дарга Б.Дэмбэрэлсайхан хэлэхдээ “Энгийн хэрэглээний тоолуур 50-60 мянган төгрөгийн үнэтэй байдаг бол хоёр тарифт тоолуур 120 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Шөнийн цагаар цахилгаан хэрэглэдэггүй, 21 цагаас хойш телевиз үзэж байгаад унтчихдаг айлуудад шөнийн цахилгааны хөнгөлөлт ач холбогдолгүй учраас хоёр тарифын үнэтэй тоолуур авахыг төдийлөн хүсдэггүй. Шөнийн цагаар халаалт хэрэглэдэг эсвэл 21 цагаас хойш цахилгааны ачаалал буурахаар хувийн аж ахуйн үйл ажиллагаагаа эхлүүлдэг хүмүүс энэ тоолуурыг авч, хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байдаг” гэлээ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос 2015 оны 7 сарын 10-ны өдрийн 212 дугаар тогтоолоор баталсан цахилгааны үнэ тарифыг одоогоор мөрдөж байгаа бөгөөд ашигласан цахилгаан өдөр, шөнө харгалзахгүйгээр 0-150 кВт.ц хүртэл үзүүлэлттэй бол 108 төгрөг 24 мөнгө, 150-иас дээш кВт.ц бол 130 төгрөгөөр бодогдож байна. Харин хоёр тарифт тоолуур тавьснаар өглөөний 06 цагаас оройн 21 цаг хүртэл хугацаанд ашигласан цахилгааны тарифыг 127 төгрөгөөр, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл ашигласан шөнийн цахилгааныг 97 төгрөгөөр бодох аж. Ингэснээр нэг айлын сарын хэрэглээнд 3000-5000 төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм.
Б.Батчимэг

Монгол брэнд