top banner

Говийн сумдад хөрөнгө оруулалтыг илүү хийнэ гэв


2017-11-07 21:13:24
Зураг

Завхан /МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай байдал, зарцуулалт, ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь ажиллав. Энэ үеэр улсын төсвийн аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын ажлын явцтай танилцлаа.
Тус барилгыг 2020 оноос өмнө ашиглалтад оруулахад тулгараад байгаа бэрхшээлийг арилгах талаар орон нутгийн удирдлагатай санал солилцлоо. Мөн шинээр нээгдэхэд бэлэн болсон Спорт цогцолборын барилгын ажлын явц болон Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд шаардагдаж байгаа үйл ажиллагааны зардлын өсөлт зайлшгүй нэмэгдэх хэрэгтэй гэсэн саналуудыг судалж, тооцоолол бодитой төлөвлөгдсөн эсэхийг шалгав. УИХ-ын гишүүн энэ үеэр Завхан аймагт өнгөрсөн жилүүдэд хийсэн бүтээн байгуулалтуудын ажлын үр дүнг дүгнэж, ирэх жилүүдэд хийх хөрөнгө оруулалт, санхүүжилтын төсөл хөтөлбөрүүдээ ач холбогдлын хувьд үнэлж, эрэмбэлж, хамгийн чухлаас нь эхэлж санхүүжүүлэх бодлого баримтлахаа мэдэгдлээ. Мөн сүүлийн жилүүдэд төсвийн санхүүжилт хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй говийн нэр бүхий сумдын эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн засваруудыг дуусгах, шинээр  нэмж барих, тухайлбал, аймгийн төвөөс хамгийн хол оршдог Сантмаргац суманд 320 хүүхдийн суудалтай сургууль, Дөрвөлжин суманд 100 хүүхдийн цэцэрлэг зэрэг шинэ хөрөнгө оруулалтын ажлууд эхэлнэ гэдгийг иргэдэд дуулгав.

Б.Мягмарсүрэн


Монгол брэнд