top banner

Аймгийн багш нарын шилдэг илтгэлүүд шалгарав


2017-11-07 15:52:58
Зураг
Архангай /МОНЦАМЭ/.Аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас “Суралцагчийн ухаалаг хэрэглээ-сургалтын үйл ажиллагаа” сэдэвт 2017 оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд 18 сургууль, найман цэцэрлэгийн 52 багш оролцсон байна.
 
Бага хуралд сурагчдад ухаалаг хэрэглээ, зөв дадал хэвшлийг эзэмшүүлснээр сургалтын үйл ажиллагаа, сурагчдын амжилтыг дээшлүүлэх зорилгыг агуулсан 24 илтгэл тавигдсан юм. Шилдэг илтгэлээр Батцэнгэл сумын ЕБС-ийн бага ангийн багш С.Юмчинсүрэн “Ухаалаг хэрэглээ-Зөв дадал хэвшил” сэдвээр илтгэл тавьж нэгдүгээр байрыг, Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр сургуулийн химийн багш Л.Ганбаатар ахлагчтай баг буюу багш Б.Урантөгс, Д.Алтанцэцэг, Д.Энхцэцэг нар “Суралцагчийн мэдээлэлтэй ажиллах чадвар, түүнийг хөгжүүлэх боломжид хийсэн судалгаа” сэдвээр илтгэл тавьж хоёрдугаар байрыг, Эрдэнэбулган сумын гуравдугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Алтанцэцэг “Номын тэмдэглэл бүтээлчээр бичүүлэх арга зүйн туршилт, үр дүн” сэдвээр илтгэлээрээ гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
 
Тэргүүн байранд шалгарсан “Ухаалаг хэрэглээ-Зөв дадал хэвшил” илтгэл нь “Зөв дадал хэвшилтэй, ухаалаг хэрэглээтэй бие хүн”-ийг бий болгон төлөвшүүлэхэд зөв орчин, хандлага, үнэлгээ чухал болохыг судалгаагаар харуулж үр дүнг тооцож, цаашид сургууль багш нар хэрэглэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа.

Тэргүүн байр эзэлсэн багш улсын уралдаанд аймгаа төлөөлөн оролцох бөгөөд улсын уралдаанд тавигдсан илтгэлүүд ном болон хэвлэгдэн багш нарт гарын авлага, зөвлөмж болон тараагддагаараа ач холбогдолтой юм. 
Б.Гэрэлт-Од

 

Монгол брэнд