top banner

Чингис хотынхон зам талбайн цас цэвэрлэгээндээ гарчээ


2017-11-07 15:42:15
Зураг

Хэнтий /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд орон даяар цас их хэмжээгээр орж, 9-10 мм-ийн зузаан цасан бүрхүүл тогтлоо. Хэнтий аймгийн Чингис хотын хэмжээнд орсон цасны улмаас хот доторх явган хүний болон автомашины замын хөдөлгөөнд саад учирч, осол гэмтэл гарах шалтгаан нөхцөл бүрдээд байна.

Үүнтэй холбогдуулан Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат Хэрлэн сумын бүх багийн Засаг дарга нарт албан тоот илгээлээ. Багууд уг албан тоотыг харъяа байгууллага, аж ахуйн нэгжүүддээ хүргэж, цас цэвэрлэгээ хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сумын албан байгууллага, аж ахуйн нэгжүүд 70-80 хувийн ирцтэй цас цэвэрлэгээндээ гарч ажиллаж байна.

Уг тоотод Монгол Улсын хууль тогтоомж, Хэрлэн суманд нийтээр дагаж мөрдөх журмын дагуу хуваарьт газрын цэвэрлэгээг тогтмол, чанартай шуурхай гүйцэтгэж, иргэдийг гэмтэл ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулжээ.

Мөн зам талбайн халтиргаа гулгаанаас шалтгаалан иргэнд хохирол учирсан бол тухайн хуваарьт газрыг хариуцсан байгууллага уг иргэний хохирлыг барагдуулж, хариуцлага хүлээх журамтайг цохон тэмдэглэсэн байна.

Д.Одонтунгалаг

 



Монгол брэнд